Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод Ноён уулаа ухуулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын зургийг шатаасан билээ. Энэ үйлдлийнхээ талаар тэд тайлбар хийв. Ерөнхий сайдын зураг руу өшиглөсөн Хохирогчдын холбооны тэргүүн гэх Х.Оюунцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхий сайдын зургийг шатааж, өшиглөсөн нь олон нийтийн дургүйцлийг багагүй төрүүлсэн. Та нар үүнээс өөрөөр эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу. Эмэгтэй, ээж хүнийхээ хувьд таны гаргасан үйлдэл ч бас муухай харагдаж байна лээ. Яагаад хүний зургийг өшиглөж байгаа юм бэ. Тэр чинь зураг шүү дээ?
-Аливаа үйл ажиллагааг санаандгүйгээр хийдэггүй. Иргэний хөдөлгөөнүүд ингэж авирлах хэд хэдэн шалтгаан байсан. Үүний нэг нь хадгаламж зээлийн хоршооноос хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэх юм. Өнгөрсөн онд эхний ээлжинд яаралтай 1700 гаруй хохирогчдын хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Төрийн санд дуудлага худалдаагаар төвлөрүүлсэн 15.5 тэрбум, долоон тэрбумын үл хөдлөх хөрөнгийг хоршооноос хохирсон иргэдэд олгож, барагдуулах бүрэн үндэслэлтэй гэж хуулиар баталгаажуулсан. Ингээд үлдсэн 3000 гаруй хохирогчдын асуудлыг шийдвэрлүүлэхээр манай төрийн бус байгууллагаас Ерөнхий сайдад 10 гаруй хүсэлт, албан тоотыг тасралтгүй явуулсан. 200-аад иргэдийн хүсэлтийг ч өгсөн. Ерөнхий сайд жил гаруйн хугацаа өнгөрч буй хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс сүүлийн нэг сард суулт хийж байсан дөрвөн иргэн нас барлаа. Ерөнхий сайд үүргээ биелүүлээгүй, сэтгэлгүйн улмаас хохирсон иргэд амиа алдсан. Энэ бүх хохирлыг Ерөнхий сайдаас шаардана. Тиймээс энэ асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэхийг хатуу шаардаж байна.
-Яагаад Ч.Сайханбилэгээр хохирол төлүүлэх гэж. Зарим хүмүүс Хадгаламж зээлийн хоршоод хохирогчдыг шуналаасаа болж мөнгөө алдсан гэж шүүмжилдэг?
-Улстөрчдөөс болж хадгаламж зээлийн хоршоод дампуурсан. Тиймээс төр үүнийг хариуцах ёстой. Хэрэв хохирлыг барагдуулахгүй тохиолдолд Хуульзүйн яаманд суултаа үргэлжлүүлнэ. Цаашид тэмцлийн хэлбэрээ хүндрүүлж, өлсгөлөн зарлана. Тэмцлээс гарах бүх үр дүнг Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хариуцна.
-Тэгэхээр та санаатайгаар Ерөнхий сайдын зургийг өшиглөсөн гэсэн үг үү?
-Би түрүүнд хэлсэн. Аливаа үйлдлийг санаандгүй хийдэггүй. Зөвхөн Хуульзүйн яаман дээр л гэхэд суулт хийж байсан дөрвөн хүн амиа алдлаа. Эдгээр хохирлоо барагдуулахын төлөө суулт хийж, түүнээсээ болж амь биеэрээ хохирч буй иргэдийн өмнөөс би энэ үйлдлийг хийсэн.
Гэхдээ өмнө нь ийм төрлийн тэмцлийг хийж байсан шүү дээ. Сүхбаатарын талбай дээр иргэний нийгмийн байгууллагууд Т.Бадамжунайгийн хөргийг шатааж байсан. Тухайн үед С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга гишүүн бүгд Т.Бадамжунайн зургийг шатаахад оролцоод явж байсан. Гэтэл одоо яагаад үүнд эмзэглээд байгаа юм. Үүнийг ойлгохгүй байна.
Б.ЗАЯА