Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоод /KOMCA/ хамтран ажиллахаар болж, өнөөдөр "Харилцан төлөөлөгчийн гэрээнд" талууд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол, Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолч, яруу найрагчдын зохиогчийн онцгой эрх хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Тодруулбал Монгол улсын нутаг дэвсгэрт Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолчдын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах, тэдгээр бүтээлүүдийг ашиглуулах зөвшөөрлийг зөвхөн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг олгох юм. Үүнтэй адилаар БНСУ-ын нутаг дэвсгэрт Монголын уран бүтээлчдийн дуу, хөгжмийн зохиогчийн эрхийг БНСУ-ын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо буюу "КОМСА" хамгаална.
Урлагийн бүтээлүүдийг ангилан үнэлэнэ
Нэг ёсондоо БНСУ-ын урлагийн бүтээлийг манай уран бүтээлчид даган дуурайх үйлдэлдээ цэг тавих болж байна. Өмнөд Солонгосчууд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг ашиглахаар болвол заавал "Комса"-даа хандаж, төлбөр төлөн ашиглах эрхтэй болно. Зөвхөн уран бүтээлчид ч гэхгүй Телевиз, радио, сайтууд хоёр улсын уран бүтээлчдийн бүтээлийг цацаж, мэдээ мэдээллийг бэлтгэхээр болвол мөн л дээрх байгууллагуудаас эрхийн лицензийг нь авах юм байна. Жишээлбэл, Өмнөд Солонгосын хөгжмийн нэгэн бүтээлийг ямар нэгэн телевиз, радио олон нийтэд цацах гэж байгаа бол тухайн цацах, мэдээллэх эрхээ мөнгөөр худалдаж авна гэсэн үг. Гэхдээ одоогоор дуучид, зохиолчдын бүтээлийг хэрхэн яаж үнэлэх, үнэлгээний систем нь тодорхой болоогүй байна.
Караокенууд уран бүтээлчдийн дууг худалдан авдаг болно
Иргэд ажлын ядаргаа, стрессээ тайлахын тулд, олон жил уулзалдаагүй найз нөхөд дурсамжаа сэргээхийн тулд караокег зорьдог болсон. Энэ салбарт ч үйл ажиллагаа явуулах караокенуудын тоо олширсон юм. Караокений тоног төхөөрөмж нь л байж л байвал хэн гэдэг хамтлаг дуучдын дууг хэрхэн яаж ангилан дууны жагсаалтаа бий болгох вэ гэдэг караокены эздийн дурын асуудал. Одоо тэд тэгвэл Монгол, Солонгосыг үл хамааран хэн нэгэн уран бүтээлчийн бүтээлийг ашиглахдаа зохиогчдийн нийгэмлэгт мөнгө төлдөг болох нь. Одоогоор эрх зүйн орчин, үнэлгээний асуудлыг хэлэлцэж байгаа учир төлбөрийн үнэ тодорхойгүй байна.
Д.УУДАМ