Анчелотти нэг жилийн завсарлага авна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Анчелотти нэг жилийн завсарлага авна

Өнгөрсөн улиралд Английн Премьер лигийн “Челси” клубын дасгалжуулагчаар ажиллаж, хоёр долоо хоногийн өмнөхөн ажлаасаа халагдсан Карло Анчелотти нэг жилийн хугацаанд дасгалжуулагчийнхаа ажлаасаа бүрмөсөн хөндийрч, тархиа амраахаар шийдсэн тухай Италийн хэвлэлээр бичиж эхэлжээ. Өдгөө 51 настай Итали мэргэжилтэн нутгийнхаа “La Stampa” сонинд өгсөн ярилцлагадаа “Дахин өөр багийг дасгалжуулахдаа яарахгүй л байна. Тэгэх ч шаардлага байхгүй. Би Англид ямар нэг клубтэй ажлын гэрээ байгуулаагүй, Ромд ч ялгаагүй. Хүмүүсийн яриа бол цэвэр фантаз” хэмээжээ.

Анчелоттигийн энэ шийдвэр “Астон Вилла”-гийн хувьд аянга ниргэсэнтэй адил байж болох. Учир нь тэд Анчелоттид хувь заяагаа даатгахаар түүний араас хөөцөлдөж буй. “Вилла Парк” цэнгэлдэхийн “босс” Жерар Улье эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа орхисон учир “Астон Вилла” шинэ удирдагчийн эрэлд мордоод байгаа билээ.

Харин Анчелотти “Астон Вилла”-гаас гадна “Фулхэм” болон Премьер лиг рүү дэвшихээр болсон “Квинс Парк Рейнжерс”-ээс ажлын санал хүлээж авснаас гадна 1979-1987 онд тоглогчийн хувиар амьдралаа холбож байсан “Рома”-д ажиллаж магадгүй талаарх мэдээлэл гарах болсон юм. Тэрбээр 2009-10 оны улиралд Лондонгийн “Цэнхрүүд”-ийг удирдаж, Премьер лиг болон Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлж, хос цомын эзэн болгосон боловч өнгөрсөн улиралд тэргүүн байраа “МанЮ”-д алдсанаар 2010-11 оны улирлын хамгийн сүүлийн өдөр “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийн багийн дасгалжуулагчийн албанаас халагдсан билээ. “Английн хөлбөмбөгийн ертөнцөд дасгалжуулагчаар ажилласнаар их туршлага хуримтлууллаа. Би амьдралаа төвхнүүлэхээр дахин Лондонд ирэх болно. Зургаан сарын завсарлагыг эс тооцвол би 1995 оноос хойш тасралтгүй дасгалжуулагчаар ажиллалаа. Тиймээс одоо нэг жил ажлаас хол хөндий байж, хамтран зүтгэгчид маань хэрхэн ажиллаж байгааг харъя гэж бодож байна” хэмээн Анчелотти өгүүлжээ. Тэрбээр мөн “Би үргэлж хэлдэг байсанчлан хэзээ нэг өдөр би “Рома”-г дасгалжуулахаар ирэх болно. Гэхдээ одоохондоо арай эрт байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж