Орхан Памук 1952 онд Туркийн Истанбул хотод төржээ. Анхандаа архитектурч болохоор хичээнгүйлэн сурч байсан удалгүй зохиолч болох нь өөрийнх нь төрмөл мөн чанар гэдэгт бат итгэн уран бүтээлийн замд шуударчээ. Анхны роман нь 1982 онд “Цевдит Бэй, түүний хөвгүүд” нэртэйгээр хэвлэгдэж, залуухан Памук нутагтаа нилээд ирээдүйтэй зохиолчид тооцогдох болов. Чингээд удаах роман нь “Аниргүй байшин” /1983/ нэртэйгээр хэвлэгдэж залгаад “Цагаан цамхаг” /1985/, “Хар ном” /1990/, “Шинэ амьдрал” /1994/ зэрэг романууд нь уншигчдад хүрсэн юм. Орхан Памукын 1998 онд хэвлүүлсэн “Миний нэр Улаан” роман 2001 онд англи хэлнээ хөврүүлэгдэж, 2003 онд эзэндээ Дублины Утга Зохиолын шагналыг авчирсан юм. Энэ цагаас хойш зохиолч олон улсын тавцанд нэр дуурьсах болжээ. Түүний 2002 онд хэвлүүлсэн “Цас” романыг уншигчдадаа албан ёсны эрхтэйгээр хүргэх болсныг дуулгахад таатай байна. Зохиогч уг романаа “Миний бичиж үлдээх цорын ганц улс төрийн сэдэвт роман,” гэж тодорхойлсон байдаг. Орхан Памук 2003 онд “Истанбул: Нэгэн хотын дурьдатгал” номоо хэвлүүлж 2006 онд “Төрлөх хотынхоо гунихруу дүнсгэр байдлын дотоод нууцыг бэдрэх ахуйдаа өөр өөр соёлуудын мөргөлдөөн, сүлэлдээнийг товойлгон харуулах шинэ бэлгэдэл бүтээснийхээ төлөө” Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Турк хүн болсон билээ. Нобелийн шагнал гардсаныхаа дараа жил тэрээр “Хэлмэгдэгсэдийн музей” романаа хэвлүүлж, Туркийн түүхэнд гарсан харгис явдлуудын нэг хэмээгддэг аймаглан устгах аймшигт ажиллагааны золиос болсон мянга мянган Арменчуудын дурсгалд зориулж төрлөх Истанбул хотдоо өөрийн зардлаар Хэлмэгдэгсэдийн музей байгуулсан юм. Сар гаруйхны өмнө түүний бас нэгэн шинэ роман хуудсаа нээсэн нь “Санааны минь ертөнц дэх хачин этгээд зүйлс” нэртэй ажээ.
СУРВАЛЖЛАГЧ: Европ, АНУ-д таны номуудыг ерөнхийдөө нилээд нааштай хүлээж авдаг. Харин Туркэд яаж хүлээж авч байна даа?
ПАМУК: Сайхан цаг ч одоо өнгөрч дээ. Өмнөх үеийн зохиолчид бүдгэрчихсэн үед анхны ном маань гарсан. Тиймдээ ч намайг шинэ зохиолч гээд сайхан хүлээж авч байсан шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Өмнөх үеийн зохиолчид гэж хэнийг хэлж байгаа билээ?
ПАМУК: Нийгмийнхээ өмнө хариуцлага ухамсарласан, уран зохиолыг ёс суртахуун, улс төрд үйлчлэх ёстой гэж үздэг зохиолчдыг хэлж байна. Тэд чинь шинэ юм юу ч туршдаггүй, шулуухан реалистууд л байлаа шүү дээ. Ихэнхи ядуу орны зохиолчидтой адилхан улс үндэстэндээ үйлчлэх гэсээр жаахан авъяасаа үрсэн улс. Би тэдэн шиг болохыг хүсээгүй. Би чинь хар багаасаа л Фолкнер, Прүст, Виржиния Вүүлфэд дуртай байлаа. Стэйнбек, Горький нар шиг социалист-реалистуудад ер татагдаж байсангүй. Тэр үед дал, наяад оны зохиолууд хэдий нь хоцрогдсон байсан болохоор намайг шинэ үеийн шинэ зохиолч гээд л таатай хүлээж авсан даа.
СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолоо голчлон хаана бичдэг вэ?
ПАМУК: Би бичиж туурвих орон зайгаа гэр орон, унтлагын өрөөнөөсөө тусдаа байлгах юм шүү гэж дандаа боддог байлаа. Гэр бүлийн ёс жаяг, нарийн ширийн зүйлс зарим талаар уран сэтгэмжийг маань эвдээд байдаг. Тэд миний дотрох буг чөтгөрийг хөнөөчихдөг юм. Гэр бүлийн амьдрал санаа сэтгэлийг минь шал өөр ертөнц рүү чангаах нь их. Гэтэл уран сэтгэмж маань тэр бүхнийг удирдаж, арилгаж байх учиртай. Тийм болохоор би гэрээсээ зайдуухан ажлын өрөөтэй болоод нилээд хэдэн жил болж байна. Дүүрэн номон дундаас бичгийн ширээ минь цухуйсан тийм л өрөө. Тэндээ өдөр бүр дунджаар арван цаг суудаг даа.
СУРВАЛЖЛАГЧ: Өдөрт арван цаг аа?
үргэлжлэл: tagtaapublishing.mn