Орос орон цуутай оюунлиг хүмүүс төрүүлдэгээрээ алдартай. Мөнгөн үе, алтан үеийн олон суутнуудын залгамж халааг орчин үеийн цахим ертөнцөд үргэлжлүүлж буй хүмүүсээс хэн онцгой байна вэ гэж харвал buro247.com цахим хуудсыг үүсгэн байгуулагч залуухан од Мирослава Дума тод гялалзаж явна.
Москвагаас гаралтай Мирослава Дума нь buro24/7 орчин үеийн мэдээллийн цахим хуудсаа таван жилийн дотор дэлхийн есөн оронд салбартай болгож чадсан нээлттэй сэтгэдэг нэгэн.
Бюро 24/7 нь уншигчиддаа дэлхий даяар өрнөж буй загвар, гоо сайхан, амьдралын хэв маяг, соёл урлагийн хамгийн орчин үеийн шинэлэг мэдээг хүргэдэг өвөрмөц төсөл юм. Өмнө нь барууны хэвлэлийн магнатууд л хийдэг байсан олон улсад өргөжин тэлэх бодлого нь Зүүн европ, Ази дахины уншигчдад барууны өнгө аяс, үг хэллэг бус өөрийн гэсэн онцлогтой мэдээллийг шуурхай хүртэх том боломж олгодог. Харин өнөөдөр тансаг болоод ухаалаг амьдралын хүрээнд болж буй шинэлэг мэдээг бусдаас түрүүлж, зөвхөн баттай баримтан дээр үндэслэн бэлтгэдэгээрээ Бюро хэдийнэ алдаршжээ.
Амжилттай, нөлөө бүхий үзэл бодолтой хүмүүсийн тухай бичсэн мэдээллээ Бюро залуухан, чинээлэг, олон нийтээс арай урд алхдаг, нийгмийн тодорхойлогч нарт хүргэх зорилготой. Бюрогийн дэлгэцнээ гарч буй бүтээлч мэдээллийг нэг сард арван сая гаруй уншигчид үздэг. Аливаа бүтээлч анхдагчид, маргаашийн өнгө төрхийг тодорхойлогчид болон тоглоомын дүрэм өөрчлөгч, загварын хэв маяг тогтоогч нарын тухай мэдээлэл нь зөвхөн англи хэлээр хязгаарлагдаагүй онцлогтой. Та хүсвэл Бюрог оросоор ч, монгол хэлээр ч унших боломжтой.
Мирослава Дума уншигчиддаа хандаж “Би хүмүүсийг Бюрогийн том гэр бүлийн нэг хэсэг нь гэж мэдрээсэй гэж хүсдэг. Бидний хэлдгээр дэлхийн соёл, урлагийг тодорхойлогч нар манай цахим хуудсанд дэмжлэг үзүүлж байгаа. Ийм олон төрлийн салбарын тэргүүлэгч нар манай уншигчдад зориулж онцгой хувь нэмэр оруулдагт би маш баяртай байдаг. Би хүмүүсийг Бюрод дурлаж, орчин үеийн соёлын бүх л сүүлийн үеийн мэдээллийг манайхаас зорьж авдаг байгаасай гэж хүсч байна” хэмээн Сандай Телеграф-д ярьжээ.
Ерөнхийдөө Бюрогийн санал болгож буй зүйл бол хүмүүс сонирхсон зүйлсээ цахим ертөнцөөс хайж суулгүйгээр бүгдийг нэг эх үүсвэрээс хялбархан хүртэх боломж юм. Хэдийгээр Бюро 24/7 цахим хуудас нь загварын ертөнцийн гол халуун үйл явдлуудын дунд, томоохон брэндүүд болох Chanel, Burberry, Louis Vuitton Ralph Lauren нартай ашигтай ивээн тэтгэлэг авах гэрээтэй ажилладаг ч зөвхөн цүнх, гутал аль эсвэл гоёл чимэглэлийн тухай бичдэггүй. Тийм ч учраас Мирослава Дума “Хэрвээ миний амьдрал зөвхөн шинэ коллекци болон даашинзны тухай мэдээлэх байсан бол би ичих байсан” гэжээ.
Үнэндээ Мирослава Дума загварын гол улирлын үеэр нэг өдөрт гурван өөр улс руу аялах хэрэг гардаг.Тиймээс түүний шуурхай, дайчин, мэдээлэлд хандаж буй мэдрэмжтэй байдал нь цахим ертөнцөд хүчтэй нэр төр үүсгэжээ. Думагийн инстаграм хуудас гэхэд 1,2 сая дагагчтай бөгөөд түүний бусдыг татах чадвар нь чөлөөтэй, залуу сэтгэлгээ юм. ОХУ-г зарим талаар одоо хүртэл хуучны патриарх үзлээсээ салж чадаагүй гэж барууныхан шүүмжилдэг бол Дума загварын ертөнцийг ашиглан өөртөө эдийн засгийн болон сэтгэл зүйн эрх чөлөө бий болгож чадсан залуухан бизнес эрхэлсэн эмэгтэй. Тийм ч учраас тэр хуучинсаг үзэл бодол болон дүрэм баримтлах албагүй гэж үздэг. Энэхүү Думагийн өөрийгөө болон өөрийн мэдлэгээ ямарваа нэгэн байдлаар барьж хязгаарлах дургүй чанар нь олон сая залуу, эрч хүчтэй уншигчдыг түүнтэй нэгдэхэд хүргэдэг биз ээ.
Тэгэхдээ Бюро бүхнийг татах гэж нийтийн хошуурдаг болгоныг бичдэггүй. Хэрэв Москвад Альбер Элбаз ирэх боллоо гэвэл Бюро заавал ярилцлага авахыг хичээх боловч шар мэдээний баатруудын паянгийн талаар бичдэггүй. Дээрээс нь ямар нэг явган хов, хэн нэгнийг өөнтөглөсөн шүүмжгүй цэвэр талбартай.
Америкийн Vogue сэтгүүлд гарсан Думагийн тухай өгүүлэлд “Дума бол ОХУ-д сүүлийн хорин жилийн хугацаанд нэвтэрсэн капитализм, огцом хөрөнгөжсөн нийгэмтэй, мөн түүнийг дагаад хурдтайгаар орж ирсэн Европ болон АНУ-ын брэндүүд гэх зэрэг онцгой үйл явдлуудын орчинд өссөн хүүхэд юм. Түүнчлэн Думагийн үе тэнгийнхэн ирээдүйг бүтээх технологийн ач холбогдлыг дөнгөж ойлгож эхэлж байгаа анхдагчид бөгөөд тэд Бюро 24/7 –г хуучин зөвлөлтийн орон зай төдийгүй, Европт өргөжүүлэх зорилготой” хэмээн тодорхойлжээ.
Бюрогийн нээлттэй байдал бизнест ч хамааралтай. Мирослава Дума өөрөө Harpers Bazaar сэтгүүлийн орос дах салбарын редактор байсны хувьд хүн болгон өөр өөр аргаар мэдээллээ хүртэж авдаг гэдгийг сайн мэднэ. Тиймээс хэвлэгддэг сэтгүүлийг ч бусад цахим хуудсуудыг ч Бюро өрсөлдөгч биш найз, хамтрагчид гэж хардаг. Энэ талаар Дума ярихдаа “Мэдээж хэрэг дижитал төслүүд ирээдүйд улам бүр хөгжиж, ач холбогдолтой болж, брэндүүдийн хувьд дижитал сэтгүүл нь хэвлэгддэг сэтгүүлтэй адилхан чухал болж байна. Тэгсэн хэдий ч хэвлэгддэг сэтгүүлийн үнэ цэнэ одоохондоо алдагдаагүй. Хэвлээд гарсан зураг цаанаа л нэг үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Ихэнхи сэтгүүлүүд өөрсдийн гэсэн гайхамшигтай цахим тавцантай байдаг. Тиймээс юуны түрүүнд Бюро бусдаас илүү юу өгч чадах вэ гэдэг нь чухал.”
Одоогоор Бюрогийн салбар үйл ажиллагаа явуулж байгаа есөн орнууд Бюро гэсэн нэг гэр бүлийн гишүүд юм. Тэд хоорондоо бүх мэдээлэл ба үзэл бодлоо хуваалцаж, дэлхийн уншигчиддаа бусдаас өвөрмөц орон зайг бүтээхийг зорьдог. Энэ орон зайд тун удахгүй Монгол улс нэгдэх болжээ. Ингэснээр монголын уншигчид дэлхийн нэгэн шилдэг хэвлэл мэдээллийн товчооноос зохиогчийн эрхтэй, баталгаат мэдээллийг шуурхай авах, эргээд монголын урлаг, соёлын тухай үнэт мэдээллийг олон улсад гарах шинэ гарц нээгдэх болно.
Ж.ЧИНБАТ