Өчигдөр Норвегийн Ставангерт эхэлсэн Grand Chess Tour-ийн эхний өрөгт дэлхийн аварга Магнус Карлсен Болгарын их мастер Веселин Топаловт цагаар хожигдсон юм. Тэрбээр 60 нүүдлийн дараагаар нэмэлт цаг авна гэж буруу бодсоны улмаас хожигдол хүлээснээ ингэж тайлбарлажээ.
“…Ийм цагийн журмаар би өмнө нь огт тоглож байгаагүй. Тэмцээний эхэнд би зохион байгуулагчдаас цагийн тухай асуухад нэмэлт цаг өгнө гэх шиг болсон. Гэтэл би журмыг нь ойлгоогүй байж.
Би өөрөө өөртөө уурлаж байна. Мэдээж, тэмцээний журмыг дагах нь миний үүрэг. Гэхдээ би өмнө нь ийм цагаар тоглож байгаагүй болохоор зохион байгуулагчид нь энэ талаар сайтар хэлж ойлгуулах ёстой байсан гэж бодож байна.
Шүүгч танд дөхөж ирээд хожигдсоныг тань хэлэхэд юу бодогдсон бэ?
Одоо юугаа хэлэх вэ дээ… Энэ бол эмгэнэлт инээдмийн жүжиг л санагдсан. Би өнөөдөр тийм сайн тоглоогүй, тэмцэж тэмцэж хожих байрлалд очлоо гэж бодсон. Гэтэл ийм байдлаар хожигдоно гэдэг тэнэг юм. Шатарчид бол хуучин дадал зуршлынхаа боолууд байдаг. Тиймээс дадаагүй цагаар тоглоход иймэрхүү явдал тохиолдоно л доо. Гэхдээ ийм явдал эхний өрөгт тохиолдсон нь олзуурхууштай. Би тэмцээний журмыг нарийн нягт биччихсэн гэрээн дээр нэгэнтээ гарын үсгээ зурчихсан. Гэхдээ л зохион байгуулагчид илүү сайн ажиллах ёстой байсан шиг. Миний алдаа л даа.
Иймэрхүү байдалд орохоороо би тайван байгаад байж чаддаггүй талтай. Магадгүй, энэ байдал маргаашийн өрөгт маань нөлөөлж ч мэднэ. Гэхдээ би энэ бухимдлаа өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээх хэрэгтэй” гэж Магнус Карлсен өгүүлжээ.
Эхний өргийн дүн:
Аниш Гири (Голланд) – Александр Грищук (ОХУ) – 1:0
Магнус Карлсен (Норвег) – Веселин Топалов (Болгар) – 0:1
Вишванатан Ананд (Энэтхэг) – Фабиано Каруана (Итали) – 0,5:0,5
Хикару Накамура (АНУ) – Йон-Людвиг Хаммер (Норвег) – 1:0
Максим Вашье-Лаграв (Франц) – Левон Аронян (Армен) – 1:0
Эх сурвалж: horom.mn