Ноён гэдэг үгэнд нохой муурнаас илүү харшилтай цаг байлаа. “Ноён урваач, нохой шарваач”,” ноёны үхэл чуулганд…”, “ноён явдалтай, гахай идэштэй” гээд ялимгүй муугийн жишээнд дурсана. “Ноён нуруу”,” ноён ухаан”, “ноён бодол” гэж харьцангуй “түшигтэй” зүйлд хэрэглэх нь ч бий. Харин одоо бол “ноён уул”-аа аврангаа ноён пиццагаа идье” гэх зар сурталчилгаа, сонгуульд нэр дэвшигчийн уриа лоозон гаргах нь холгүй болжээ. Энэ бүхэн “НОЁН” гэдэг үгийг тойрсон “үзэл бодол”,“зах зээл” гээд түр орхие.
Саяхан үдшийн цэнгүүн хөтлөгч залуу “НОЁН УЛААНБААТАРЫН ИРГЭД ЭЭ” хэмээн ам бардам цуурайтуулахыг сонсоод удаан бодлоо. Төрж өссөн хотыг минь НОЁН гэдэг болжээ. Магадгүй олон талаараа ноён зэрэглэлд орсон байх л даа. Ноёдын хот болсон байх л даа. Бурхан минь НОЁДЫН ХОТ. Би л хувьдаа ийм том ч тийм худлаа нэрийг хэзээ ч зөвшөөрч чадмааргүй санагдлаа. Учир нь би НОЁН биш. Гэтэл энэ хотыг би хэзээд “МИНИЙ ХОТ” гэж энхрийлдэг. Анх сургуульд ороход л багш социалист хотын “эд ширхэг” болохыг минь ойлгуулж, хотоо нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж, соёлтой амьдрах тухай заасан билээ. Өнөөгийн ноёдын хотод бүх зүйл эсрэгээрээ шахуу юм.
Би Хайлаастын арын уулан дээр гараад Улаанбаатарыг удаан ширтдэг хүүхэд байлаа. Тэр үед миний хотыг “НОЁН” ч гэдэггүй байлаа. Нохой ч гэдэггүй байлаа. Дуу шүлгэнд бол “АЗИЙН ЦАГААН ДАГИНА” гэнэ. Үнэхээр цагаан харагддаг байсныг би батална. Тунарсан цагаан хот л туяаран харагддагсан. Одоо тэр алсын бараа хардаг уулын оройд АЙЛ буужээ. Бодвол ноён хүн буусан биз. Зориглоод хашааных нь хаалгыг татан оров. Нохой нь гинжнээсээ мултрах нь холгүй ноцоод, дээр нь нохой шиг авгай “хар яр, хар яр” гээд би хөөгдөж гарлаа. Гудамж уруудаад урамгүйхэн бууж явахдаа “ноён” хотын ноён мээрийн санаачилсан “НАЙРСАГ УЛАААНБААТАР”-ын тухай бодлоо. Хэзээ ч бүтэхгүй уран санаа юм гэдгийг тэгэхэд л ойлгов. Учир нь миний уншсан бүх үлгэрт “НОЁН ХҮН ХЭЗЭЭ Ч НАЙРСАГ БАЙДАГГҮЙ”. Хамгийн бүдүүлэг, харгис, догшин, хорон, өсөрхөг, өчүүхэн нь НОЁД шүү дээ. Ноёнтой “юу яавал юугүй”, нохойтой “юу яавал юугүй” гэдэг үгийг АРД олон санамсаргүй зохиосон хэрэг лав биш. Тэгэхээр ноён санаархалд бүрэн автсан Улаанбаатар минь НАЙРСАГ байж яаж чадах билээ. Харин улам л НОЁН болж байна. Хамгийн бүдүүлэг явдлыг энэ хотоос харж болно. Хамгийн харгисыг ч ялгаагүй. Хамгийн догшин НОЁДУУД энэ хотод тухална. Хамгийн хорон ажил эрхэлнэ. Өс хонзонгийн үйл хэргээ л хэрэгжүүлнэ. Ноён засаг дарга түшмэдүүдээ тэрбумаар урамшуулан шагнаж байхад, уулын мухраас сургуульдаа явдаг “ноён”-ы хүү хоёр навчаа хөлдөөгөөд ангийнхаа үүдэнд зогсч байна. Хотод л амьдарвал НОЁН болох мэт санах хөдөөнийхний “тэнэглэл”-ийг буруутгах ямар ч аргагүй. Хэн ч гэсэн олдсон ганцхан насандаа хотод “ноён” суухыг санаархдаг юм байгаа биз дээ. Тиймээс л ноён амьдрал хөөж хотод ирээд, уулын оройд буугаад Туулын усыг зөөврөөр ч болтугай уугаад, Зайсанг харж санаа алдангаа, орой нөөцийн махаар цуйван сэгсрэхийг эхнэртээ үүрэг болгочихоод гэрээсээ гарах чинь хэдэн мал дагасан АРД байснаас илүү НОЁН байгаа байхгүй юу?
Хүүхэд насандаа анх л социалист худалдаа хийж, “улаан ус” аваад үүдэнд нь залгилж зогссон дэлгүүрийн үүдэнд маш өндөр төмөр хашаа босгожээ. ХААЛТТАЙ хашааг нь тойрон явсаар эртний танилынхаа үүдийг түлхэв. Бас л ХААЛТТАЙ. Гэрийнх нь яндангаар утаа олгойдно. Сүүлийн үед НОЁН УЛААНБААТАРТ минь юу хамгийн их хөгжсөн бэ. ХАШААЖУУЛАЛТ. БАС л НОЁН мээрийн өөр нэг уран санаа бодогдов. НЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР, УТААГҮЙ УЛААНБААТАР, АЮУЛГҮЙ УЛААНБААТАР, ШИНЭ УЛААНБААТАР. Ямар яруу найраглаг нэрээр сүүлийн үед элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэв дээ. Нэг нь ч олигтой хөдөлсөнгүй. Өнөө Толгойт өртөөнөөс, Амгалан орох “түргэн галт тэрэг” шиг нь мөрөөдөл болоод таг зогсов. Сэтгэлгээ хаалттай цагт ямар ч нээлттэй сурталчилгаа “газар авдаггүй” нь гайхам жишээ болж үлдэнэ. НЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР хэмээн хичнээн мөрөөдөөд бүх түшмэл, бүх том жижиг дарга нар, алба ажил эрхэлдэг НОЁДЫН ард олноо гэсэн сэтгэл дэлгүүрийн үүдэнд босгосон төмөр хашаа шиг, танилын минь хашааны үүд шиг ХААЛТТАЙ болохоор яах билээ. Хэдэн биендээ шагнал нэртэй “хахууль” бичээд л түүгээрээ үхэхгүй юм шиг идэж, үгүйрэхгүй юм шиг тансаглаад л дуусч байна. Хаалттай НОЁН УЛААНБААТАРЫН ҮҮДЭНД “OPEN” гэсэн бичиг өлгөөстэй. УТААГҮЙ гэсэн хаяг хадаастай. АЮУЛГҮЙ гэсэн анхааруулгын тэмдэг өлгөөстэй.
Нэг удаа бидний хэлж заншсанаар Модны хоёрын тэнд би тасраад уначихсан байлаа. Ерээд оны шуурган дунд ямар ариун амьтан байлаа гэж худлаа ярилтай биш. Ууж идэж, унаж годройтож явсан минь үнэн юм чинь. Сэртэл хоёр ах дамжлаад явж байна. Мултраад зугтаах гэж оролдсон чинь араас элдэж хөөхгүй хараад зогсоод байхаар нь эргээд очлоо. Тэгээд өнөө хоёртойгоо шөнө дөл болтол Гандангийн зүүн хойд хашааны үзүүрт ярилцан сууж билээ. Авто баазын инженер явсан гэх настай ах “ жил ирэх тусам бүх газар төмөр хашаатай болж хоёр муу ахад нь шил лааз түүх хэцүү болж байна” гэсэнсэн. ЭГЭЛ АРДАД ХААЛТТАЙ, ЭЗЭН НОЁДОД НЭЭЛТТЭЙ ХОТ” болчихжээ гэдгийг тэнүүл ахын үгнээс би ойлгож билээ. Хэнээс юуг хамгаалахаа мэдэхээ болихоороо ТӨР дампуурдаг юм гэнэ лээ. Гэнэнээр бол хэнээс юуг хааж, юуг хашаалахаа мэдэхээ болихоор. Францын хувьсгал хатан хааны “талх олдохгүй бол бялуу идэхгүй юу” гэдэг моралгүй үгнээс эхэлсэн гэдэг. Түүнтэй адил үг олдохгүйдээ миний хотыг НОЁНД өргөмжилөөгүй байх гэж санана. Гайхалтай ноён санаатай НОЁДООР хот минь чи дүүрчихжээ. Хаанаас гэнэт гараад ирсэн НОЁД вэ? хэмэээн гайхан боддог , би. Гоголийн “Амьгүй албат” шиг амьгүй НОЁД. НОЁН машиныхаа цонхоор хогоо зүгээр л шидэж орхино. Ноён машинаараа ногоон гэрлээр бус улаан гэрлээр л дайрна. Ноён Улаанбаатарт АЮУЛГҮЙ гэдэг үг яасан ч зохихгүй. Барьж буй барилгын дээрээс юм унах бол хүүхэд байхад дэггүйтэж зуны халуунд охидуудын дээрээс ус цацдаг шиг минь гэм хоргүй явдал мэт болжээ. АЮУЛГҮЙ, НАЙРСАГ, НЭЭЛТТЭЙ, УТААГҮЙ, ШИНЭ УЛААНБААТАР нохой шиг Security -ээр хамгаалуулсан НОЁДЫН хорооллуудад л байх шиг байна. Түүнээс биш утаанд мөнгө зараад ноён л олон болсноос олгой хар утаа огт багассангүй.
Яавал, ямар амар хялбараар НОЁН УЛААНБААТАРЫН НОЁН нь болж нэг гүүр давж нилээд баян болоод, хоёр гүүр давж хосгүй баян болоод уулын аманд ЗАЙСАНГИЙН энгэрт залрах тухай бодох үй олон шинэ залуучуудыг хараад ШИНЭ УЛААНБААТАР гэдэг үгийг би хялайн харах болов. ШИНЭ ЮМ ХААНА БАЙНА. Хэдэн шилэн байшин нэмэгдсэнээс хуучин муу хотод минь юу ч өөрчлөгдсөнгүй. Аятайхан сайхан залуучууд архи дарснаас холдож, англи хэлээ сайн сурч, Америкт боловсрол эзэмшээд ирэв. СЭТГЭЛГҮЙ ЗҮРХНҮҮД АМЕРИК ЗАНГИАНДАА ХОРИОТОЙ ЯВНА. “МОНГОЛ СЭТГЭЛ” яаж ургуулах, суулгах тухай бодохгүй бол саяхан “ЦАГААХАН ДАГИНА” байгаад СОЛОНГОСТ хүйсээ солилуулж НОЁН болсон хотдоо амьдрах улам л адармаатай болж байна. Үерийн аманд буусан ноён, гантай зуныг мөрөөдөх хотод үр хүүхэд минь биднээс хойш амьдарна. Уух усгүй, туулах ТУУЛГҮЙ, УТААТ ТЭВШИН ХӨНДИЙД УЛААНБААТАР МИНЬ ХООСОН НОЁН ЗЭРЭГЛЭЛТЭЙГЭЭ хэвээрээ үлдвэл…
НОЁН СУУХ ЦАГ ЧИНЬ ХЭМЖЭЭТЭЙГ БҮҮ МАРТ, НОЁДУУД АА.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2015-06-15. түгжрээ нь дунд бичив.