Кайр Ирвинг гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Кайр Ирвинг гэж хэн бэ?

Энэ сарын 24-нд Нью-Жерси хотноо 2011 оны NBA-ын драфтын арга хэмжээ болно. Драфтын тэргүүн сонголт хэн байх талаар үзэгч, сонирхогчид өөр өөрсдийн таамгийг уралдуулж байгаа нь лавтай. Тэгвэл энэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдох магадлал тун өндөртэй байгаа нэгэн залууг танилцуулъя. Түүний нэр нь Кайр Эндрью Ирвинг. 191 см өндөр нуруутай, 87 кг жинтэй энэ залуу холбогчийн байрлалд тоглодог. “Нью-Орлеан Хорнетс”-ын супер од Крис Полтой төстэй тоглолт үзүүлдэг тэрбээр 1992 оны гуравдугаар сарын 23-нд Австрали улсын Мелбурн хотноо төржээ. Түүний эцэг Дредерик Ирвинг нь сагсан бөмбөгч бөгөөд тус хотын “Бюллен Бумерс” нэртэй мэргэжлийн багт тоглож байжээ. Аавынх нь багтайгаа хийсэн гэрээний хугацаа дуусч, хоёр настай Ирвинг хүү аавынхаа төрөлх нутаг АНУ-ыг зорьжээ. Сонирхуулахад, тэрбээр Австрали болон АНУ-ын давхар иргэншилтэй бөгөөд өнгөрсөн жил өгсөн нэгэн ярилцлагадаа “Би Австралийн шигшээ багт тоглох хүсэлтэй байна” хэмээн ам алдсан байх юм.  Багаасаа эцгийгээ дагаж, сагсан бөмбөг тоглох хүсэл эрмэлзэлтэй болсон Ирвинг Нью-Жерси хотын Монтклэйр Кимбэрли ахлах сургууль буюу Гэгээн Патрикт элсэн орсон байна. Үе тэнгийн хүүхдүүдээсээ ур чадвараар хол илүү байсан Кайр ахлах сургуулийнхаа түүхэн дэх хамгийн өндөр статистикийг дунджилж байсан юм. Тэрбээр ахлах сургуулийн шигшээ багт хоёр жилийг үдэхдээ 26.5 оноо, 10.3 самбараас бөмбөг авалт, 4.8 оновчтой дамжуулалт, 3.6 бөмбөг таслалтыг дунджилсан байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр  Гэгээн Патрикийн түүхэнд 1000 оноо авсан хоёр дахь тоглогч болж нэрээ бичүүлсэн байх юм.  Мөн тухайн жилдээ АНУ-ын U-18 буюу 18-аас доош насныхны шигшээ багт дуудагдаж, Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн нь түүний анхны олон улсын тэмцээн байсан байна.

2010 оны аравдугаар сарын 22. Кайр Ирвинг Алдарт Дьюкийн их сургуулийн “Хөх чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржижевскигийн удирдлага дор тоглож эхэлжээ. Ирвинг ч улирлыг сайн эхлүүлсэн. 17.4 оноог дунджилж эхний жилдээ л багийнхаа бусад тоглогчдыг статистик үзүүлэлтээр тэргүүлж эхэлсэн байна. Түүнчлэн эхний долоон тоглолтдоо 53.2 хувьтай довтолж байсныг дурдах нь зүйтэй. Мөн 5.1 оновчтой дамжуулалт, 3.8 самбараас бөмбөг авалт, 1.5 бөмбөг таслалт хийж байсан нь шилдэг залуу тоглогчийн шагнал авахад хангалттай үзүүлэлт байсан юм. Гэвч авьяаслаг залууг бэртэл гэмтэл тойрсонгүй. 2010 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Дьюкийн их сургууль улирлын найм дахь тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтын үеэр Кайр Ирвинг баруун хөлнийхөө нарийн шөрмөсийг гэмтээснээр талбайг орхисон байна. Улмаар Ирвинг хоёр сарын туршид талбайд гараагүй бөгөөд NCAA-гийн улирлын төгсгөл хэсэгт хоёр удаа л сэлгээнээс гарч тоглосон юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр эмнэлгийн нарийн шинжилгээнд орсон бөгөөд хүсч байсан хариугаа сонссон юм. Талбайд  эргэн гарч тоглолт хийхэд 100 хувь бэлэн болсон байсан ч NCAA-гийн улирал хэдийнэ дууссан учраас ирэх улирлыг хүлээх болсон юм. Ганцхан улирал NCAA-д тоглосон залуу ирэх улирлыг дахин Дьюкт үдэж болох байсан ч энэ жилийн NBA-ын драфтад нэрээ өгсөн байна. 19 настай залуугийн гавьяа шагналыг дурдвал, Бүх Америкийн нэгдүгээр багт нэрлэгдснээс гадна Жордан брэндээс нэрлэдэг үндэсний шигшээд багтсан явдал юм. Ямартай ч тэрбээр энэ жилийн драфтад дээгүүр сонгогдоно гэгдэж байгаа Деррик Уилльямс, Энес Кантер нарын шилдэг залуустай тун ойр өрсөлдөх нь дамжигггүй юм. 

  
Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж