Японы нийслэл Токио хотоос 140 км зайтай орших галт уул өнөөдөр /VI.16/ дахин идэвхжиж, оргилоос нь утаа манан суунаглаж байна. 2580 метр өндөр Асама галт уул эргэн тойрны дөрвөн кмт үнс нурмаа цацжээ. Асама галт уул хамгийн сүүлд 2009 онд идэвхжиж, хэдэн сарын турш ойр орчмын нэг кмт хад чулуу, үнс нурмаа цацаж байсан аж. Японы мэргэжилтнүүд Асама галт уулын идэвхжилтийг өнгөрсөн долоо хоногт таамаглан мэдэж, иргэдэд сэрэмжлүүлжээ.
Үүний зэрэгцээ Японы зүүн хэсэгт 8.5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг “Reuters” агентлаг мэдээлэв.
Өмнө нь тавдугаар сарын 29-нд Японы баруун өмнөд хэсгийн Кутиноэрабу арал дээрх галт уул гэнэт идэвхжсэнээс эргэн тойрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж байжээ.
Үүнээс жил хүрэхгүйн өмнө өөр нэг галт ууланд дэлбэрэлт явагдаж, 63 хүн амь үрэгдсэн билээ. Онтаке галт уулын дэлбэрэлт Японы ойрын 90 жилийн хугацаан дахь хамгийн хөнөөлт байгалийн гамшиг болсон аж. Галт уулын дэлбэрэлтийн дараа өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөг хүртэл зургаан хүний цогцосыг олоогүй байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters