ГХЯ-наас буудуулсан эмэгтэйн талаар мэдээлэл өглөө
Куала Лампур хотын Петалинг дүүрэг.
Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу тус улсын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим-тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож дараах мэдээллийг авчээ.
Мөрдөн байцаагч Азми “Зургадугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад монгол эмэгтэй өртсөн хэргийг шалгаж байна. Гэмт этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт байсан Малайзын иргэн, бизнесмен залууг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархадсан байж болзошгүй байна. Хэрэг явдал өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай” гэдгийг дуулгажээ. Мөн тэрээр уг бизнесмен өмнө нь халдлагад өртөж, бууны шарх авч байсныг дурдсан байна.
Бууны суманд өртөн хүнд шархдаад байгаа монгол эмэгтэй нь тус улсад ямар зорилгоор оршин сууж байсан нь тодорхойгүй, ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа гэнэ. Мөн овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзид хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Одоогоор бүсгүй ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдлыг харзнаж байж биенд нь байгаа хоёр сумыг авах эсэх талаар эмч нар ярилцаж, шийдвэр гаргахаар болсон талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШИХ
Н.Батаа: Буудуулсан эмэгтэйн асуудлаар Интерполд хандсан
Малайзад монгол эмэгтэйг дөрвөн удаа буудаж гэмтээжээ
Д.ЖАРГАЛ