“Монголын иргэд титэм вирусээр өвчлөөгүй”

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

“Монголын иргэд титэм вирусээр өвчлөөгүй”

Өмнөд Солонгост дэгдээд буй титэм вирусын (MERS) халдварын тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Ялангуяа манай улсын иргэд ихээр оршин сууж, зорьчдог БНСУ-ын Сөүл, Сувонг хотуудад өвчний гаралт ихэссэн тул ихэнх сургууль, цэцэрлэгүүдэд нь хөл хорио тогтоогоод байсан юм.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Н.Батаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ-д амьдарч байгаа Монголын иргэн корона буюу титэм вирусын халдвар авч, амь насаа алдсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Энэ үнэн үү?

-Одоогоор корона вирусын халдвараар БНСУ-д 160 орчим иргэн өвдөж, 19 хүн амь насаа алдаад байна. Нас барсан иргэдийн дунд суурь өвчингүй хоёр хүн байсан нь эмнэлгийн ажилтнуудын анхаарлыг татаж байгаа. Манай улсын нэг иргэний хувьд өнгөрсөн долоо хоногт БНСУ-д амь насаа алдсан нь үнэн. Гэхдээ корона вирусын халдвараар бус элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орохоор донороо хүлээж байх үедээ өвчин нь хүндэрч, амьсгал хураасан болохыг бид албан ёсоор мэдэгдэж байна.

-БНСУ-ын зарим хотуудад вирусын тархалтыг намжаах зорилгоор хөл хорио тогтоогоод байгаа гэсэн. Хөл хориог цуцалсан болов уу?

-Өвчний гаралт харьцангуй намжих төлөвтэй болсон тул зарим хотуудад тогтоогоод байсан хөл хориог цуцалсан гэсэн. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэлсэн гэх мэдээллийг бидэнд өгөөд байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж