-Хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна–
Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хянах, судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тавантолгойн ажлын хэсэг байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч, энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралджээ. Мөн ажлын дэд хэсэг өдөр бүр хуралдаж, холбогдох материалуудыг судалсан байна. "Ажлын хэсэг тогтоолын төслийн 14 заалттай холбоотой дүгнэлт гаргах ёстойгоос одоогоор 50 хуудас гаруй хуудас материал бүхий дүгнэлт гаргасан" хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг хэллээ.
Тэрээр “Ажлын хэсэг байгуулагдсанаас 20 хоногийн дараа гэрээний англи хэл дээрх хувилбарыг авсан. Уг хувилбарыг ажлын хэсгийн хуулийн зөвлөх судалж байгаа. Одоогоор англи эх нь Монгол хэл дээрх материалтайгаа багагүй зөрүүтэй байна. Хуудасны тоо зөрж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Засгийн газар ажлын хэсгийн шаардсан хэд хэдэн материалыг ирүүлээгүй байгаа. Тухайлбал, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын хурлын тэмдэглэл… Энэ тогтоолоор Тавантолгой төсөлд хөрөнгө оруулалт шалгаруулах тендерийн шалгуур үзүүлэлтийг тогтоосон байдаг. Мөн “Энержи ресурс” болон “Шиньхуа групп” хооронд байгуулсан хамтарсан компани байгуулах гэрээг шаардсан. Уг гэрээг ирүүлээгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь авах ёстой” гэсэн мэдээлэл гаргасан байсан. Тавантолгой төсөл бол хувийн компани хоорондын асуудал биш. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсын баялагтай холбоотой асуудал учраас компани хоорондын гэрээнд ч Засгийн газар оролцсон байх ёстой. Тиймээс энэ гэрээг Засгийн газраас шаардаж байгаа. Мөн “Энержи ресурс”, “Сумитомо” хоорондын худалдааны компани байгуулах тухай, “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хоорондын эрх шилжүүлэх гэрээний хувилбарыг бидэнд ирүүлээгүй байна. Бид эдгээр материалыг авч, нарийн судласны үндсэн дээр дүгнэлтээ гаргах болно” гэсэн юм.
Түүнчлэн “Уул уурхайн чиглэлээр дэлхий нийт ил тод байх зарчим баримталж эхэлсэн. Монгол Улс ч бас уул уурхайн ил тод байдлыг хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. УИХ уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Энэ сарын 14-15-ны өдөр ажлын дэд хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллажээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байна. Мөн хоёр сая тонн нүүрс олборлоход бэлэн болсон байна. Өөрөөр хэлбэл, 4.3 сая тонн нүүрс бэлэн байна гэсэн үг. Энэхүү бэлэн болсон нүүрсний зах зээлийн ханш 140 сая ам.доллар болж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компанийн "Чалко"-д төлөх 142 сая ам.долларын өрийг барагдуулах боломжтой гэсэн үг” гэлээ.
Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.
-Англи хэл дээрх хувилбарт ямар зөрүү гарсан бэ?
-Ажлын хэсгийн хуулийн зөвлөх одоогоор дүгнэлтээ танилцуулаагүй байна. Энэ долоо хоногт Англи болон Монгол эхийн зөрүүг ажлын хэсгээр хэлэлцэнэ. Гэрээ анх англи хэл дээр боловсруулагдсан байгаа. Уг гэрээг Монгол хэл рүү хэн гэдэг хүн, хэрхэн орчуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэр хугацаанд ажиллаж, дүгнэлтээ гаргах ёстой вэ?
-Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ Тавантолгойн ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ боловсруулж өгнө үү гэсэн хүсэлт илэрхийлсэн. УИХ-ын даргын захирамжид тодорхой хугацаа заагаагүй. Энэ асуудал 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордтой холбоотой тул маш нухацтай хандах ёстой. Одоогоор 3000 гаруй хуудас материалтай танилцан, дүгнэлтээ боловсруулж байна. Тиймээс яарах шаардлагагүй.
-Чалько-гийн өр юу болж байна вэ?
-“Чалько” компанид 350 сая ам.долларын өртэй байсан, өнгөрсөн гурван жилд дарсаар байгаад 140 сая ам.долларын өртэй үлдсэн.
-Өнгөрсөн жилийн намар очиход дээрх хэмжээний өртэй байсан, огт дарагдахгүй байгаа юм уу?
-Нүүрс олборлолтыг өдөр тутам 24 цагаар хийгээд, гаргасан нүүрсийг “Чалько” компани уурхайн амнаас өөрийнхөө авто машинаар зөөж байгаа юм билээ. Сардаа 600 мянган тонн нүүрсийг өрөндөө авч байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” компанийн ажил зогсоогүй. 2011, 2012 онд нэлээн ашигтай ажилласан байгаа.
-УИХ-ын гишүүд “Дэгийн тухай хуулиараа байгуулагдсан Ажлын хэсэг хууль бус юм аа гэж тайлбарлаад байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-д оруулаад ирэхээр хууль бус гэсэн асуудал хөндөгдөх юм биш үү?
-Дэгийн тухай хуульд заасан заалтын дагуу Ажлын хэсэг байгуулагдсан. Оюутолгойн гэрээ байгуулахын өмнө яг ийм ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаад УИХ-д Оюутолгойн гэрээг оруулж ажиллаж байсан юм билээ. Тийм учраас энэ ажлын хэсэг хууль ёсны ажлын хэсэг.
-Ажлын хэсэг Засгийн газарт тогтоол хүргүүлнэ гэж байсан. Ямар учиртай тогтоол юм бэ?
-Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад бэлэн болж байна. Энэ тогтоолын төсөл дээр нэгдүгээрт, энэ гэрээгээ Засгийн газар буцааж татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргана. Яагаад гэвэл УИХ-ын тогтоол зөрчсөн учраас. Хоёрдугаарт, тогтоолын төсөлдөө иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Гуравдугаарт, хөндлөн чиглэлийн 1800 км төмөр замыг урагшаа явж байгаа төмөр замтай хамтад нь хөрөнгө оруулалт хийх, Монголын төрийн өмчит төмөр зам компани нь төмөр замынхаа 51 хувийг заавал эзэмших. Энэ хөрөнгө оруулалтыг хийсэн хөрөнгө оруулагч талд Тавантолгойн олборлох эрхийг өгөх нь зүйтэй гэсэн заалт оруулж байгаа. Энэ долоо хоногт Засгийн газарт санал авахаар хүргүүлнэ.
-Ажлын хэсэг нэмж хөрөнгө оруулчихаар хөрөнгө оруулагч байгаа юм уу. Ийм боломж байгаа эсэхийг ажлын хэсэг судалж үзсэн үү. Төмөр зам барихад зориулж Чингис бондоос хөрөнгө зарцуулсан байдаг, гэтэл шороо овоолсноос өөр хийсэн ажилгүй. Даланд өчнөөн тэрбум төгрөг зарцуулчихсан байдаг. Үүнээс болоод зарим эсэргүүцэлтэй тулаад байгаа юм уу гэх яриа бий. Өмнө нь хийгдсэн далан барих ажил зэргийг судалж үзсэн үү?
-2010 онд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендэр зарлаад зургаан компани шалгараад явж байсан. 2014 оны наймдугаар сард дахин сонгон шалгаруулалт хийхдээ 2010 онд шалгарсан зургаан компанийн дотор хаалттай тендэр зарласан, энэ бүхний материалтай ажлын хэсэг танилцсан.
“Пибоди” сүүлчийн өдөр хүртэл энэ консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан ч Засгийн газар шалгаруулаагүй. Дээр нь Японы нэлээн том консерциум орж ирээд 2010 онд шалгараад явж байсан. Тэдний зүгээс “Иточу” компани Тавантолгойд 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан юм билээ. Тийм учраас Хятад, Монголын консерциумд “Иточу” компанийг оруулж өгөөч ээ, Японы хөрөнгө оруулагч нар сонирхож байна гэсэн ч Засгийн газар хүлээж аваагүй юм билээ.
ОХУ-ын Төмөр замын дарга В.Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаарТавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдэж байгаа учраас манай улс татгалзаж байна гэсэн хариу өгсөн байсан.
Бусад компанийн тухайд маш богино хугацаа өглөө. 2014 оны есдүгээр сард сонгон шалгаруулалт зарлаад арванхоёрдугаар сард шалгаруулсан. Гуравхан сарын хугацаанд тухайн компаниуд Монголын талтай гэрээ хэлэлцээрт орох боломж үүсээгүй. Ялангуяа 268 дугаар тогтоолд заасан долоон үзүүлэлт болох, 5-аас доошгүй жил нүүрсний олборлолт, борлуулалт хийх компани нь Монголын талын компани байна гэж заасан нь нэгхэн компани бий. “Энержи ресурс” л болж байгаа. Тус компани нь Хятадын “Шиньхуа” компанитай тохиролцоонд орчихоор бусад компани шаансгүй болсон. Тэгэхээр цаанаасаа бодлогоор бусад компанийг оруулахгүйн тулд ийм шалгуур үзүүлэлт тавьсан гэж үзэж байгаа.
Төмөр замын асуудал дээр, ямар ч асуудал байхгүй, хуулийнхаа дагуу хөрөнгө оруулалт хийгдээд, нэг тэрбум ам.долларын хөрөнгө орулалтаар Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам эхэлчихсэн явж байсан. 600 сая ам.долларыг БНСУ-ын Хөгжлийн банк, Экзим банкнаас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тохиролцоонд хүрчихсэн. Чингис бондоосоо 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд урагшаа явах төмөр замын үйл ажиллагаа эхлээд “Самсунг” шалгараад ажлаа эхлээд явж байсан. Энэ төмөр зам 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд дараачийн 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларыг тээвэрлэлтийн ашгаараа төсөвт өгөхөөр ашигтай төсөл байсан. Харамсалтай нь, Тавантолгойд шалгарсан консерциумд энэ төмөр замыг өгөхийн тулд дээрх ажлыг дундуур нь зогсоосон. Нэлээн ажил хийгдчихсэн байсан, үүнийг аудит гаргаж ирэх байх.
Г.ДАРЬ