Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Санал хураалтад 13 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжсэн юм.

Хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Уянга “Сэлэнгэ аймгийн Мандал сум цэвдгийн хэсэгт байдаг. Хэрвээ уул уурхай эрхлэх юм бол тархсан цэвдгийн горим өөрчлөгдөнө” гэж эсрэг байр суурьтай байсан бөгөөд түүний асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид “Бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тогтоосон. Энэ хүрээнд цэвдэгтэй хэсгийг тогтоогоогүй юм билээ.Төрөлжсөн цэвдгийн судалгаа хийгээгүй юм шиг байна лээ. Шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагч талуудаар судалгааг хийлгэнэ гэж тооцож байгаа” хэмээн тайлбарлалаа. Тэрээр “Энэ төслийн ногдол ашиг 34 хувь эзэмших хувилбараар тооцох тохиолдолд ТЭЗҮ-ээр нь авч үзвэл 38.1 сая ам.доллар гэсэн тооцоо гарч байгаа. Гэхдээ бид энэ хувилбарыг дэмжихгүй. Нөгөө хувилбараар ордоо ашиглах зөв” гэдгийг хэллээ.

С.Одонтуяа гишүүн “Тусгай хамгаалалтад авах хэсгийг аваад, эдийн засгийн эргэлтэд оруулахыг оруулах хэрэгтэй. Газрын баялаг бол ард түмний өмч. Бид газрын баялаг ашигласны төлөө төлбөр авна гээд заачихсан байгаа. Ашигт малтмал ашигласныхаа төлбөрт улсад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгдөг гэдгийг хүн бүхэн мэдэж баймаар юм. Үүнийхээ дараа аж ахуйн үйл ажиллагаа жинхэнэ ёсоор эхэлж байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг УИХ-ын гишүүд ярилцаж байгаад оруулсан. Ашигтай ажилласан ч бай, ашиггүй ажилласан ч бай нөөц ашигласны тусгай роялти авахаар болсон. Одоогийн хувилбараар нөөц ашигласны тусгай роялти нь илүү байгаа юм” хэмээн тайлбарлав.

Харин  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Нэгэнт орд байгаа, тусгай зөвшөөрөл байгаа. ТЭЗҮ-ээ хийгээд явах асуудал. Орд ашиглаж байгаа нь энэ гээд өр зээл тавих хувилбараас татгалзана гэж байсан.Энэ хэвээрээ юу? Роялтийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар орлуулах тохиолдолд байдаг” талаар Уул уурхайн сайдаас лавласан юм. Р.Жигжид сайд энэ асуултад “Ашигт малтмалын хуулийн дагуу ордоо ашиглана. Компанийн өөрийн хөрөнгийг бага байлгах талаар баримталж байгаа гишүүний байр суурийг дэмжиж байна. Гэхдээ хуулийн төсөл өргөн баригдсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр эзэмших загварыг хэрэгжүүлэх зорилготой явж байна. Хамтарсан компани үйл ажиллагаа явуулаад олон төрлийн  татвар хураамж төлөөд, дээр нь ногдол ашгаа авна. Эсвээс тусгай төлбөр авна гэсэн хувилбар сонгож байна” гэсэн юм.

Ашигт малтмалын хуульд заасан хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртлэх хувийг эзэмшинэ гэсэн заалтын дагуу Монголын Засгийн газар 34 хувь эзэмших саналаа УИХ-ын тогтоолын төсөлд суулгасан. Гэхдээ ногдол ашиг хүртэх хэлбэрээр биш 34 хувиа тусгай төлбөрөөр дүйцүүлэн  төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал гаргаад байгаа юм.

Тодруулбал, 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай  роялтигаа авбал ойролцоогоор гурван орчим хувь, үүн дээр таван  хувийн  суурь роялти, таван  хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийт 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт тайлбарласан билээ.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж