&#34Олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо&#34

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

&#34Олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо&#34

Ц.Нямдорж: Эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-УИХ-ын ажил сүүлийн үед урагшлахгүй боллоо. Сая Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх гэхэд танай намын бүлэг, ялангуяа таны эсэргүүцлээр бас гацсан сурагтай.

-Бага зэрэг холоос эхэлье. 73-ын бүлэг болж хамтарсан Засгийн газар байгуулахад хамгийн их эсэргүүцсэн хүн нь би. Төр, засаг хяналтгүй боллоо, хуйвалдаж, ханцуй доторхи наймааны аргаар шийдвэр гаргах эрсдэлтэй боллоо гэдгийг тооцож л эсэргүүцээд байсан хэрэг. Тэрнээс хойш болсон процессыг чи хар даа.

-Ямарч гэсэн хамтарч байж хийнэ гээд байсан том зорилгуудаа урагшлуулж чадаагүй байна.

-Харин ч бүгдийг нь гацаанд оруулчихлаа. Цагаан сарын битүүний өдөр Өрийн удирдлагын хууль баталсан. Хэрэг дээрээ Монголын өр цаашдаа хяналтгүйгээр нэмэгдэх үүд хаалга энэ хуулиар нээгдсэн.Улс орон өрөнд баригдаж, өтөнд идэгдлээ гэж манайхан цөөнх байхдаа бүтэн хоёр жил ярьсан. Тэгээд зургаан сайдын суудал олдонгуут тэрийгээ мартаад ой санамжгүй юмшиг сандал ширээ рүү давхиж эхэлсэн. Дараа нь хаврын чуулган эхлэх өдөр Засгийн газар Тавантолгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр гарын үсэг зурж дараа нь Их Тэнгэрт 60 хүний хүлээн авалт хийхээр М.Энхсайхан захилга өгч бэлдүүлчихсэн байсан . З.Энхболд нь УИХ-д оруулна, Ц.Элбэгдорж тэрүүтэй хэсэг нь оруулах шаардлагагүй гэж баахан цамнасан. Эцэст нь аргагүйдээд УИХ-д оруулах болж гэрээнийхээ төслийг өг гэхэд лав л арваад хоног саатуулсан. Булхайтай юм хийчихээд тэрнээсээ ичиж эмээсэн ч биз, бас жаахан засч янзалсан ч биз. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Оюутолгойн асуудлаар бараг Монголоос оргож зугтаж хулгай журмаар Дубайд очоод нэг юманд гарын үсэг зуруулчихлаа. Одоо бөөн хэрүүл. Гэрээ мөн л гэнэ, биш л гэнэ. Монголд ашигтай л гэнэ, алдагдалтай л гэнэ. Хэлэхгүй ярихгүй хүн ч алга, тэгсэн хэрнээ асуудлаа яг сайн мэдэж байгаа хүн нэг ч алга.

-Одоо Гацууртын ордыг ашиглах саналыг бас гацаачихлаа. Жишээ нь, яагаад энэ саналыг нь эсэргүүцээд байгаа юм бэ?

-Аливаад, тэр дундаа төрийн ажилд хууль дүрэм, дэг жаяг, хорио цээр, энэ гурван сая ард түмний эрх ашиг гэж бий. Тэр үүднээс нь асуудлыг харах хэрэгтэй. Жишээ нь, Оюутолгойн асуудлаар Дубайд зурсан бичиг баримт ямарч байж болно. Хамгийн гол нь эх орноосоо зугтаж, харьд очиж, гадныхны өмнө бөхөлзөж байх ямар шаардлагатай юм бэ. Энэ нь чинь харьяалах иргэдтэй, хамгаалах төртэй, өөрийн гэсэн газар нутагтай бие даасан тусгаар улс. Гэтэл Ерөнхий сайд нь ийм хачин юм хийгээд явж байгааг эрүүл үзэгдэл гэх үү . Гацууртын ордын тухайд УИХ-д өргөн мэдүүлье гэж тав дахь өдөр нь Засгийн газрын хуралдаанаар шийдсэн байгаа юм. Тэрийг би нэгдэхийн өглөө ажилдаа ирээд интернэтээс харсан. Тэгээд намын бүлгийн хурал дээрээ яваад орсон чинь манайхан аль уже, УИХ-д өргөн баригдаж ч амжаагүй төслийг хэлэлцэнэ, дэмжинэ гээд яриад сууж байдаг юм. Тэгээд би наад асуудлаа хойшлуул, УИХ-д ном журмынхаа дагуу орж ирсэн хойно нь, хэлэлцдэг ном дүрмээр нь хэлэлцье. Гацууртыг ухах гээд байгаа “Сентерра гоулд” гэж компани өмнө нь Бороогийн хамаг алтыг авсан, тэгээд Монголд юу үлдээсэн юм бэ, ямар гавьяа байгуулсан юм, тэрийг нь эхэлж яръя, яагаад ингэж яаралтай хэлэлцэж байгааг хэлж өг гэж байж тэр дагуу л түр хойшлох шиг боллоо. Гацууртын орд их адармаатай. Хүннүгийн үеийн дурсал, булш олноороо байдаг гэж ярьдаг. Тийм учраас монголчууд бид эцэг, эхийнхээ шарилыг ухах гэж байгаатай л адилхан болж харагдаад байгаа юм.

-Булшнаас холуур, огт хөндөхгүй гэдэг ш дээ?

-Хажууд нь байгаа юм чинь хамаарч л таарна. Дор нь юу байгааг хэн ч мэдэхгүй. Булш хөндөхгүй, холуур өнгөрнө гэдэг бол УИХ-аар шийдвэр гаргуулахын тулд худлаа хэлж хууран мэхэлж байгаа болохоос биш, тэр газрын дор юу байгааг хэн ч мэдэхгүй. Тэр булш, түүхийн дурсгал нь монголчууд бидэнд үнэн цэнэтэй болохоос, ухах гэж байгаа гаднын компанид хамаагүй. Тэгээд ч хуулийн төсөл өргөн мэдүүлдэг, түүнийг нь УИХ хэлэлцдэг дэг, шударга ёс гэж байх ёстой. Тав дахь өдөр нь Засгийн газар дөнгөж шийдсэн асуудлыгЗ.Энхболд явуул гэхээр нэг дэх өдөр нь МАН-ын бүлэг хэлэлцдэг, энэ хүн гэдийгээд суучихаар МАН бүлэг бүлх залгичихсан юмшиг шогшроод явдаг боллоо. Энэ бол төр хяналтгүй болсны илрэл. Яахаараа Тавантолгойн асуудлыг болохоор ганц хүн үг хэлж байгаад гацааж зогсоож болдог, яахаараа яг адилхан нөхцөлтэй, ижилхэн л газрын хэвлийгээ ухуулах Гацууртын төслийг болохоор тэр хүн явуул гэхээр УИХ-д бараг орж ирээгүй байхад нь намын бүлгүүд яарч сандран хэлэцдэг юм бэ. Энэ шударга ёс уу. Энэ бүхэн эцсийн дүндээ юу болж байна вэ гэхээр Монголд парламент-УИХ гэж байхгүй болж байгаагийн шинж . Монголд хууль тогтоож, Засгийн газрыг байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шаардлага гарвал хариуцлага тооцох эрхтэй субьект нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо. Биднийг огцруулж чадахгүй, бид юу ч хийж болно, УИХ-д оруулаад хэдэн гишүүнийг нь багцлаад барьчихна гэсэн эрдүү бардам зан төрийн ажлыг унагаж байна . Гэтэл энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаагаар Монголын амьдрал дуусахгүй, цаашаа явна. Энэ гурван сая хүн цаашаа амьдраад явна, сонгуульд ялагдсаныхаа дараа хөлжсөн хөрөнгөжсөн нэг хэсэг нь гадагшаа зугтаад явдаг л даа. Тэгж явах хүмүүс нь үлдэх хүмүүсийнхээ амьдрал, хувь заяагаар ингэж тоглож болохгүй . Өнөөдөр хууль бус юм хийж, энэ гурван сая хүний ирээдүйгээс хулгай хийж амьдарч байгаа хүмүүс маргааш сонгуульд ялагдвал нөгөөдөр нь цугаараа гадагшаа гарна. Тэр тодорхой. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг үг байдаг даа. Энэ гурван сая хүн эх орноо орхиод гурван саяулаа явахгүй учраас л би хожим хойнын юм яриад байгаа юм. Тэгж явах хүмүүс энд үлдэж байгаа ард түмний, энэ улс орны хувь заяаг хааш нь чирээд байгаа тухай л би ярьж байна.

-Харин тэдэнд, эрх баригчдад хяналт тавь гэж л танай намыг сөрөг хүчин болгосон юм биш үү. Гэтэл танай намынхан ард түмний сонголтыг сайдын суудлаар сольчихсон ш дээ?

-Засагт орсноос хойш МАН-ын өнгө төрх гэж байхгүй болсон. Цөөнхийн хяналт бол засаг чанга байх, төр чанга байх гол механизм юм шүү дээ. Гэтэл бид хяналтын үүргээ орхиж, АН-ынхан цөөнхийн хяналтыг халаасандаа хийчихэж байна гэдэг нь төрийг зориуд сулруулж байгаатай адилхан. Тэгээд шуналын тулам болсон хэдэн этгээд наад талдаа шударга ёс ярьж, цаагуураа улсын ажлыг хорлож, амин хувийн зугаа гаргах, далд хөрөнгийн капитал бий болгох хуйвалдаанууд л хийж байна. Ийм юмтай эвлэрэх гэж, ийм юмыг чимээгүй харна гэж би л хувьдаа УИХ-д суугаагүй . Одоо сүүлийн үед МАН-ын 25 гишүүнийг З.Энхболд удирдаж байгаа юмшиг л аяглах боллоо. Надад З.Энхболд гэдэг намын дарга байхгүй шүү. М.Энхболд гэж нэг хүн яваа. Би тэр хүнийг л МАН-ын дарга гэж бодоод яваа. Би өөрөө УИХ-ын дарга байсан хүн. УИХ-ын дарга гэдэг чинь бүхнийг мэддэг, бүхнийг удирддаг шийддэг төрийн ганц субьект биш л дээ. Энэ 75 хүнийг зөв шийдвэр гаргахад зохион байгуулах л үүрэгтэй хүн.Гэтэл энэ хүн өнөөдөр бүхний дээр суусан юмшиг аашилж байна. Энэ ааш авирт МАН-ынхан их л хүлцэнгүй хандаж байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж үг байдаг. Цаашдаа байдаг, байдагтаа л байсан дээр. Засгийн газарт багтсан зургаан сайдын суудлаар төрийн эрх ашгийг тэр чигт нь худалдаж, цаашид амаа хамхиад сууж байна гэж зарим хүн бодож байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Энэ зургаан сайдыг Засгийн газарт ажиллах зөвшөөрлийг өгсөн МАН-ын Бага хурал, тэдний цаана байгаа 160 мянган гишүүн, гурван сая ард түмэнэнэ нам яаж аяглахыг, улсынхаа төлөө зөв шийдэл гаргахад санаа бодлоо хэрхэн уралдуулж байна вэ гэдгийг хараад сууж байгаа.

-Та санаж байгаа. Өмнөх парламентын үед АН-ынхан бүлэггүй болчихоод танай намын бүлэгт орчихсон ч юмшиг, танай намын дарга АН-ын бүлгийг удирдаад байгаа ч юмшиг улстөрийн нөхцөл байдал байсан. Өнөөдөр яг тийм өнгө төрх эргээд танай нам дээр ирсэн юм биш үү?

-Н.Энхбаярыг УИХ-ын дарга байх үед 62-ын бүлэг гэж байгуулагдсан. Энэ бүлэг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ыг амьгүй албат болгоод Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшиж, АН-ыг идүүрийн нохой болгох ийм л коммунист бодлого байсан . Одоо тэрний томсгосон хувилбар л явж байна. 62-ын бүлэг маань 73-ынх болсон. Хашаанд нь АН биш, МАН амьгүй албат шиг хашуулж явна. 62-ын бүдүүн бүлэг хойноосоо олон муу зүйл дагуулсан. Одоогийнх тэр үеэс бүр хүнд нөхцөлд байна. Ялангуяа эдийн засгийн том утгаар нь яривал энэ 73-ын бүлэг бол 62-ын бүлгээс илүү аюултай. Гол олиграхиуд энэ УИХ-д орж ирээд суучихсан байна. Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас яриад л байгаа. Энэ АН-ын нөхдүүд чинь хэдэн олиграхийн халаасанд үсрээд орчихлоо, энэ АН-ын 35-ын 17, 18 нь сайд болчихлоо, нэгсайд нэг гишүүнийг халаасандаа хийхэд хүссэнээрээ шийдвэр гарах болчихлоо. Энэ чинь аюул дагуулна гэж хэлээд л байгаа.

-Хоёр том нам засагт хамтрах нь хяналт талаасаа төрд буруу байх. Харин улстөрийн хувьд өрсөлдөгчөө өөрийнхөө хашаанд хашиж чадаж байгаа нь АН-ын буруу биш, харин хашуулж байгаа танай намын буруу юм биш үү. Жишээ нь, та 62-ын бүлгийг тухайн үедээ дэмжиж л байсан байлгүй.

-Би 62-ын бүлгийг буруу гэж харж, эсэргүүцэж байсан. Тэр бүлгийг байгуулахаас өмнө АН, МАН-ын хамтын ажиллагааны гэрээ гэдэг зүйл байгуулсан юм. Тэр гэрээг байгуулахаас өмнө МАН, АН-ыг нэгтгэж, нэг нам болгох тухай асуудал нууцаар яригдаж байсан. Би тэр ажлын хэсэгт нь сэмхэн орж, сэмхэн хоёр өгүүлбэр шургуулсан. Нэгд, парламентын засаглалд үнэнч байна, хоёрт, намын харьяалал солихгүй гэдэг хоёр өгүүлбэрийг шургуулсан. Гэрээнд гарын үсэг зурсны орой Н.Энхбаяр над руу утсаар яриад “энэ юу болчиховоо” гэхэд нь “болдог юм болдгоороо боллоо” гээд би утсаа салгаад шидчихсэн. Б.Эрдэнэсүрэнгийн өрөөнд сууж байхад Энхбаяр над руу залгаж ийм яриа болсон юм. Цаад талд нь ямар том зүйл явж байсан гэхээр нэг хүний засаглал тогтоож, нэг хүний мөнхийн хаанчлал тогтоох процесс явж байсан хэрэг.

-Одоогийн УИХ-ын дарга бол АН-ын дарга. Гэтэл Засгийн газар нь хамтарсан. Тэгэхээр УИХ нь Засгийн газраа удирдана, бас намын дарга учраас намынхаа Засгийн газрыг захирна гээд улстөрийн энэ хуваарилалт нь спикерт илүү их эрх мэдлийг хүссэн хүсээгүй бий болгоод байгаа юм биш үү?

-Хүнээсээ хамаарна л даа. Эрх мэдэлд шуналтай, эрх мэдлээр далайлгаж хууль эрх зүй, ёс суртахууныг уландаа гишигдэг хүн бол одоогийн нөхөр шиг чирээд алга болно. Жишээ нь, нэг материалтай танилцахад УИХ-ын гишүүдэд багадаа долоо хоног хэрэгтэй. Гэтэл тав дахь өдөр өргөн барьсан хуулийн төслийг нэг дэх өдөр УИХ-аар хэлэлцүүлж байна гээд бод доо. АН-ын бүлэг бол өнгөрч. Харин МАН-ын бүлэг энэ хүний дохио зангааг хуулиас дээгүүрт тавьж болохгүй дээ.

Намайг УИХ-ын дарга байхад Э.Бат-Үүл, УИХ-ын даргыг намын харьяаллаас түдгэлзүүлэх ёстой юм байна. Тэгэхгүй бол улстөрийн өнгөөр асуудалд хандаж байна гэж ярьдаг байсан. Э.Бат-Үүлийн тэгэж хэлдэг нь үнэний ортой л байж ирсэн. З.Энхболд гэж хүн 73-ын бүлгийг байгуулж авсныхаа дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа дарга, засагт хамтарсан намуудын дарга гээд бүх юмны дээр сууж, ганцаараа эзэн мэт авирладаг боллоо. Цаана чинь чимээгүй дарангуйлагч гарч ирж байна.

-Гацууртыг ингэж яаравчлах нь тохироо юм биш үү. Жишээ нь, УИХ-ын дарга Гацууртыг зүтгүүлж, Ерөнхий сайд нь Тавантолгойгоо зүтгүүлээд, асуудлыг зэрэгцээ явуулах гэсэн улстөрийн юмуу, бүлэглэлийн тохироо байж болох уу?

-Яг баримт байхгүй ч, тэгж хардах үндэстэй. Ингэж гэнэт хийгдсэн, нууцаар хуйвалдсаны цаана заавал сөрөг муу үр дагавартай байдаг. Тавантолгойг УИХ-д өргөн барьснаас хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд очиход нь гайхсан. Өнгөрсөн жил Японд айлчилсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд явлаа. Өдөр шөнөгүй л Япон яваад байдаг. Яах гэж Япон яваад байна вэ гээд гайхсан чинь Тавантолгойн зарим хэсэгт японуудыг оруулж, японуудаар төмөр зам тавиулах юм гэнэ. Гэтэл хятадуудтай хамтарч ашиглана гэж УИХ-д гэрээ өргөн барьчихаад байгаа байдаг. УИХ-аар оруулж болохгүй, буруу шийдвэр гаргана гэж байсан хүн чинь Тавантолгойн асуудлаар Японд очоод яамгаад өөр юм яриад явж байдаг юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраар хэлэлцсэн юм уу, энэ үйлдэл нь цаашид ямар байдалд хүргэхийг тооцсон уу. Бид ингэж улс гүрнүүдийг хуурсаар байгаад нүүр хийх газаргүй боллоо. Ажиглаад байхад Тавантолгойн асуудлаар өөр хэлэлцээр далдуур хийгдэж байж магадгүй. Л.Эрдэнэчимэгийн яриад байгаа, твийтр дээрээ тавиад байгаа зүйлийн цаад талд Тавантолгойн талаар дахиад бизнесийн, хувийн сонирхлын өөр зодоон явж байхыг үгүйсгэх арга байхгүй . Надад тодорхой баримт алга. Ганц мэдэж байгаа зүйл гэвэл, Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирэхэд гацаасан гол хоёр хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар. Тавантолгойг гацааж байгаагийн цаана өмнө хийсэн төмөр замынхаа нүглийг хаах гэсэн, сэдэрч гарах вий гэсэн болгоомжлол ч байгаа. Төслийг оруулж ирснийх нь дараа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг ч судлах биш, эсэргүүцэх л зорилготой. Тэд наад талдаа Тавантолгойг эх орондоо ашигтайгаар ашиглана гэж яриад цаад талдаа бол бизнесийн бүлэглэлүүдийн далд хуйвалдаан, далд зохицуулалт, далд эрх ашгийн тэгшитгэл, арилжааны хар зах л явж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: www.itoim.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж