Улсын шилдгээр шалгарсан Увс аймгийн баяр

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Улсын шилдгээр шалгарсан Увс аймгийн баяр

2012 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт анх удаа Ардчилсан нам ялалт байгуулж, орон нутагт эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа билээ. Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсон энэ цаг үед тус аймагт  “Ардчилсан засаглалын 1000 өдөр” аян зохион байгуулж байгаа ажээ. Энэ аяны хүрээнд Увс аймагт сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнаж, тэдний санаа бодлыг сонсож, цаашдын ажил хэрэгтээ  тусгах ажлуудыг зохион байгуулж байна.

Увс аймаг 2014 оны ажлын амжилтаараа Улсын шилдэг аймгаар шалгарсан. Аймгийнхаа Түүх 90 жилийн ойн өмнө тохиосон энэ баярт үйл явдлыг  иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хуваалцаж, Засгийн газрын шилдэг аймаг гэсэн соёрхлыг хүртээх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Улаангомынхоо төв талбайд зохион байгуулж, шилдэг аймгийн шилдэг иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөлд Засгийн газрын соёрхлын хувийг аймгийн засаг даргын талархлын хамт гардуулсан. Монгол улсын шилдэг аймаг болсон нь Увсчууд бид бүхний амжилт, хичээл зүтгэл гэдгийг тодотгосон, иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад цаашид хичээнгүйлэн ажиллах урам, дэм өгсөн арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцолж байлаа.  

Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсны соёрхол хүртээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Ардчилсан засаглалын 1000 өдөр” аяны албан ёсны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Дашийн Цэндсүрэн хэлэхдээ: “Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсон нь багийн амжилт. Төрийн бодлогод иргэдийг төлөөлж ажилласан шат шатны ИТХ-ын хурал, хурлын төлөөлөгчиддөө баярлалаа. Төрийн үйлчилгээг өрхөд хүргэх зорилтоо хэрэгжүүлж ажилласан төрийн албан хаагчиддаа талархаж байна. Нутагтаа сайхан амьдрах орчныг бүрдүүлж, орон сууцны хороолол, зам талбайг засан тохижуулсан барилгачиддаа, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, хадгаламжийн хэмжээгээ улсад тэргүүлэхэд манлайлан зүтгэсэн банк, санхүүгийнхэндээ, орон нутагтаа баялаг бүтээж, аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийнхэндээ талархаж байна. та бүхэндээ баярлалаа” гэсэн бол Увс аймгийн Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл: “Увс аймаг түүхт 90 жилийнхаа ойн босгон дээрээ, сүүлийн хоёр жил буюу Ардчилсан засаглалын 1000 өдрийн турш хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны үр дүнгээрээ шилдгээр шалгарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд их ажил амжуулсан. Цаашдаа шийдэх асуудал, хийх ажил ч их байна. Энэхүү амжилтаа бататгаж хамтран зүтгэцгээе. Иргэдийнхээ Нутагтаа сайхан амьдрах шинэ тэмүүллийг бодит ажил болгохын төлөө аймгийн Ардчилсан нам бодлогоо торхойлон ажиллах болно” хэмээсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж