УИХ: Хуулийн төслийг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

УИХ: Хуулийн төслийг худалдаж авна


Жич: Оролцохыг хүсэгчид олигархиудын ашиг сонирхолд нийцүүлсэн байх шаардлагатай. 


Нэг хууль 20 сая төгрөгийн үнэтэй боллоо…


Орондоо хууль засдаг, өөрийн хөрөнгөөр бизнестээ зориулан хууль батлагч гээд олны танил хуучин архагуу­дын дийлэнх нь өөрсдийн байр сууриа энэ талаар илэрхийлээгүй нь залуу “жараахайнууд”-ын хувьд олзуур­хууштай, басхүү алдаж боломгүй эгшин байсан юм.


Өөрсдийгөө хууль тогтоох үүрэгтэй гэж ялархдаг “жараахайнууд” энэ удаагийн хууль батлагчдын олонх гэхэд дэгсдүүлэг болохгүй биз. Тэдний нэг болох нэгэн эрхмийн ярьснаар иргэн Дорж хууль боловсруулж чадах­гүй юмсанж. Тиймээс түүнд хууль тогтоох үүрэг үгүй, ухаан ч байхгүй гэнэ. Уг нь бол зөв. Гэхдээ тэгж хэлээд, ярилцлага өгөөд буй үүрэгтэнд сануу­лахад өөрөө үүрэгтэй бус хууль санаачлах, батлах давуу эрхтэй гэдгээ огоорч ухаараасай.


Ашиг сонирхлын явцуу эрх ашигтаа хөтлөгдөн луужингүй хөлөг онгоцтой далайд гарсан УИХ-ын гишүүд зөвхөн хүссэн зүг рүүгээ чигээ өөрчлөн дур зоргоо­роо авирлах болж. Ингэхдээ анх нэг сая төгрөгийг өөрийн тойрогтоо зарцуулах шийдвэрийг гаргаж, амжилт­тай хэрэгжсэнийх нь дараа амтшин 10 сая болгож, сүүлдээ ингэж болдог юм байна гэсээр бүр 100 сая болгосон бол хамгийн сүүлд нэг тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулах нэрийдлээр энэ оны төсөвт суул­гуулж амжсан. Үүгээр зогсохгүй одоо УИХ-ын гишүүний хангамж дээр хууль боловсруулахад зар­цуулах 20 сая төгрөгийг нэмж суулгаж амжив. Ингээд нэг тэрбум+20сая+цалин+утас, унааны зардал+… гээд тэдний эдлэх эрх, ямба захиран зар­цуулах хөрөнгө мөнгө хязгаар руу тэмүүлж байна.   


УИХ-ын гишүүд хуулийн тө­сөл боловсруулахдаа мэргэж­лийн зөвлөх ажиллуулж, түүний­гээ батлуулах, эс батлуулах нь ха­маагүй 20 сая төгрөг төсвөөс гаргуулдаг шинэ журамтай болж таарлаа. Тийм дээ ч, УИХ-ын Тамгын газраас эрхэм гишүүдэд хууль, бусад шийдвэрийн төсөл бо­ловс­руулахад зарцуулах хөрөнгийн төсвөө ойрын үед гаргаж өгөхийг даалгажээ.


Өөрөө хэлбэл, үзэмжиндээ таа­руулан өнгө өнгийн дээлээр гоёдог бөхчүүд шиг УИХ-ын гишүүд өөрс­дөдөө зориулсан хуулиа захиалж, төлбөрийг нь татвар төлөгчдөөр төлүүлдэг болох юм байна. Болсон, болоогүй хуулийн хур тийн урвагч Бар жилд ирлээ. Хуулийг уландаа гишгэлж, өөрсдийгөө өрөвдөлтэй багачууд гэдгээ харуулсан тэднийг шүүмжлэх ёстой хуульчдын ашиг сонирхлын зөрчил, амбиц хоёр нь нэг шугаманд давхцаж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд амандаа алчуур углаад хуулийн төсөл бичих л үлдлээ.


Ингээд УИХ-ын гишүүд цалин аваад зогсох­гүй, болсон, болоогүй хуудуутай хуулиа шахаж, бизнес хийх, өөрийн бизнестээ таатай боломж олгоход хуульчдын өндөр чадварыг бүрэн дүү­рэн ашиглах явдал жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх нь. Үүнийгээ тайлбарлах гишүүд, өмнө нь ч өөрс­дийн мөнгөө гаргаад хууль захиалж, худалдаж авдаг байсан хэмээн зүүдээ хэлэх гээд хулгайгаа ярин, шившгээ дэлгэж сууна.


Намчирхаж, намын эрх ашгийн үүднээс ханддаг асан улстөрчид одоо болиод зөвхөн “би” гэх аминч бодлыг бяцхан ертөнцөө үлдээхийн тулд чөтгөртэй ч зөвшилцөхөд бэлэн болжээ. Үнэндээ тэднийг “Чи дэвш. Миний төлөө ажиллаач” гэж хэн ч гуйгаагүй. Харин ч эсрэгээрээ “Би өмнөөс чинь бүгдийг хийе. Намайг л сонгочих. Өөрийн төлөө бус та бүгдийн төлөө ажиллана” гэж царай алдан явсан хүмүүс. Тэдэнд нийгэмд тулгарсан асуудлыг шийдэх хууль тогтоох эрх олгож цалинжуулсан. Харин тэд ажлаа хийж чаддаггүй болохоо харуулан хууль худалдаж авах төсөв гээчийг батлаад өөрсдөө зуучлагчийн байр сууринаас хандах гайхалтай арга бодож олжээ. Мэдээж хууль нэрийд­лийн дор баталсаар тэрбумаар тоологдох тэдний мөнгөнд тавих хяналтгүй боллоо.


Ингэснээр ирэх сонгуульд өөрсөд­тэй нь ямар ч аавын хүү өрсөлдөх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн нь өөрсдийнх нь хувьд урьд, урьдын улстөрчдөөс илүү идсэний гэрч болон үлдэх биз. 


Нийгмийн өчүүхэн хэсэг бүл­гийн ашиг сонирхолд нийцсэн хуулийг хуульчдад захиалаад түүнийхээ төлөө­сийг төсвөөс гар­гуулах бусармаг үйлд­лээ иргэдэд тустай хууль бат­лахын төлөө гэх лоозонгоор далдлахыг нь хараад ой гутаж байна. Өмнө нь хуулийн заалт хулгайлах байд­лаар хань хамсаатнаа хаацайлдаг байсан улстөрчид ер нь олигтой хууль баталсан нь ховор.


Одоо борооны дараах мөөг шиг болсон, болоогүй олон хуулийг аадар мэт иргэд рүү асгаруулах бараан хар үүл хэзээний бүрэлджээ. Хэзээ мөд­гүй УИХ-ын чуулганы танхимыг зад тавин урсах хуулийн давалгаа ядарсан иргэдийг живүүлэх нь гарцаагүй. 


Таны хийсэн сонголт төдийгүй итгэл үнэмшлийг алгуур боловч мө­хөөж, эргээд хэцүү төвөгтэй нөхцөл байдлыг дахин дахин бий болгох хар салхи хавь ойроо хаман хуйлран хуйларсаар хурд нь секундэд “76” болон урьд хожид байхгүйгээр эрчээ авчээ. Энэхүү луйврын шуурга 2012 оноос нааш зогсохгүй үргэлжлэх нь гэдгийг зурхайчид сануулж байна…



Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж