Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь зөв, буруу гэх маргаан, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар МАН-ын бүлгийн авсан завсарлага гээд маргаан дагуулсан асуудлууд намын бүлгүүдийн дунд хөвөрсөөр.
Дээр нь нэмээд ангал руу унахын даваан дээр байгаа эдийн засагтаа ивээс тавихын оронд “түгжилдэх” замыг сонгосон МАН, нөгөө талд 22 жилийн хугацаанд тавиагүй өрийг хоёр жилд тавьсан, 17 хувьтай эдийн засгийн өсөлтийг 4 хувь болтол нь бууруулсан гэх “ялтай” АН хоёрын хэвлэлээр шидэлцэх хэрүүлийн алим гал дээр тос нэмж байна.
Улс төр дахь энэ уур амьсгал хаврын чуулган дуустал үргэлжилж, сунжрах шинжтэй. Эрх баригч АН, улс төрийн томоохон хүчин МАН-ын хоорондох энэ сөргөлдөөн өчигдрийн бүлгийн хурлын мэдээллээс тодорхой харагдана.
"ХАМТАРВАЛ ХАМТАРСАН ШИГ ХАМТАР"
АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа “Чингис” бондын зарцуулалттай холбоотой асуудлыг нухацтай хэлэлцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муухай бүхнээ Ардчилсан намд үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн юм.
АН-ын бүлгийн хувьд “Чингис” бондын өгөөж МАН-ын гишүүдийн хэлж байгаачлан огт үр дүнгүй зүйлд зарцуулагдаагүй. Эхнээсээ өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн. Зарим төслийн тухайд хоёр сарын дараа, хоёр жилийн дараа өгөөжөө өгнө гэдгийг тодотгосон. Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд зориулж “Чингис” бондоос 948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарыг дэмжихэд зориулж 550 гаруй тэрбум төгрөгийг зарцуулснаар экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг болсон гэж буй. Тухайлбал, Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар нэг их наяд төгрөгийн арилжаа хийгдэж, үүний үр дүнд дамын наймаа зогсч малын гаралтай түүхий эд үндэсний үйлдвэртээ очиж, үнийн огцом өсөлт буурсан гэнэ. Дээр нь барилгын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр шинээр үйлдвэрүүд баригдаж, арьс ширний үйлдвэрүүд технологио шинэчлэн, эхнээсээ бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлсэн зэрэг эерэг үр дүн гарсныг үгүйсгэж таарахгүй.
Олон нийтэд зориудаар энэ мэт сөрөг мэдээлэл өгч байгаа МАН-д хариу барих үг АН-ынханд бас бий. МАН Засгийн эрхийг барьж байхдаа Оюутолгой, Тавантолгой төслөөс урьдчилгаа хэлбэрээр авсан их хэмжээний хөрөнгийг иргэдэд бэлнээр тараагаад дууссантай харьцуулахад “Чингис” бондоос хэрэгжүүлсэн төслүүдийг өгөөж харьцуулшгүй хэмээн тэд ярьж байна.
"ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ АСУУДЛАА ГАЦААЖ БАЙНА"
Харин МАН-ынхан "Бид биш эрх баригчид өөрсдөө эдийн засгийн ач холбогдолтой, чухал асуудлаа гацааж, улс орны хөгжилд гай тарьж байна" гэсэн шүүмжлэлийг зориулж байна. “МАН засаг барьж байх хугацаандаа хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан. Хоёр их наяд төгрөг тараасан, нүүрсийг нь барьцаалаад 350 сая доллар иргэддээ тараасан” гэх сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын явуулж байсан бодлого зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг бид мэдэрсэн. Та ч бас мэдэрч байгаа байх. Ганц жишээ хэлье. 1990-2012 он хүртэлх 22 жилийн хугацаанд авсан зээлээс илүү их зээлийг өнгөрсөн хоёр жилд авсан. Өөрөөр хэлбэл, их мөнгөтэй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр үйлдвэрлэлийг дэмжсэн. Гэтэл өнөөдөр 2012 онд байсан эдийн засгийн өсөлт, ажлын байр хаана байна вэ. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр дөрвөн хувь болтлоо дөрөв дахин буурсан. Энэ бодит байдлыг илэрхийлнэ гэж бодож байна” гэж хариулсан юм. Энэ мэт хариултыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ёс юм шиг л цээжээрээ хэлдэг уламжлалтай.
Бүлгийн даргынхаа дээрх хариулт дээр дэд дарга Н.Номтойбаяр хүч нэмж, “МАН засагт хамтраад юу хийж бүтээх вэ гэдэг зарчмын асуудал хөндөж, таван зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас гарын үсэг зурсан. Энэ гэрээнд тусгагдсанаар улс орондоо ээлтэй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажил явагдахгүй байна. Үүнд дүгнэлт хийхээр ирэх долоо хоногийн нэг дэх өдрийн бүлгийн хурлын дараа Ажлын хэсэг хуралдана. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг. Буруу яваад байгаа зүйлийг гацаана, түгжилдэнэ. Үүнийг хатуухан хэлье” гэснээс харахад МАН ирэх сонгууль болтол АН-д сэхэл өгөлгүй, "түгжилдэх"-ээр шийдэв бололтой.
“МАН мөнгө тарааж, хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан бол АН үйлдвэрлэлийг дэмжиж байна” гэх харьцуулалтад уншигч та дүгнэлт хийх биз ээ. Хэн нь жинхэнэ Түгжил вэ гэдэг ч тэр хариултаас харагдах болов уу.
С.ОТГОН