Төв талбай машины зогсоолтой болсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Төв талбай машины зогсоолтой болсон уу?

“Чингисийн талбай дээгүүр машин явж байна, автомашины зогсоолтой болчихож” гэх яриа олны анхаарлыг татжээ. Талбайн гантигийг угаадаг машинаас өөр автомашин “заларч” үзээгүй төв талбайд юуны учир ийнхүү машин хөлхөлдөх болсныг тодрууллаа.


Гурван жилийн өмнө талбайд автомашины зогсоол байгуулах зөвшөөрлийг нэгэн хувийн компани тендерт шалгаран авч байсан удаатай. Төв талбайнхаа хормойг буюу хотынхоо төв цэг байрлах цэцэрлэгт хүрээлэнг ийнхүү 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх өгчихсөн байгаа гэдгийг анзаарсан,  мэдсэн хүн ер нь тун цөөхөн болов уу. Энэ учрыг мэдэх иргэд бол “Тендерт шалгарсан компани автомашины зогсоолоо байгуулчихаж” гэж бодсон байх.

Учрыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анараас тодруулахад “Төв талбайн нэг хэсгийг автомашины зогсоол болгохоор тендер зарлаж, компани нь шалгарчихаад байгаа нь үнэн. Гэхдээ хэзээ автомашины зогсоол байгуулах тухай сайн мэдэхгүй байна. Одоогоор бол Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хааж, шугам сүлжээний ажил хийж байгаатай холбоотойгоор талбайн нэг хэсгийг автомашины зогсоол болгох түр шийдвэр гарган, ажиллуулж байгаа юм” гэх хариултыг өгч байна.

ТАЛБАЙД ЦААШИД ЗОГСООЛ БАЙГУУЛАХ УУ?

Сүхбаатарын талбайн өмнөх хэсэг, хажуу дахь цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газрыг 2006 онд Нийслэлийн Газрын албаныхан гэрээ байгуулан “UB констракшн” гэх компанид  өмчлүүлсэн байдаг.

“Хөгжмийн аялгуут усан оргилуур барина” гэсэн сайхан амлалтад бялуурсан тухайн үеийн Нийслэлийн газрын албаныхан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг “UB констракшн” компанитай байгуулсан аж. Гэвч үнэндээ хөгжмийн аятай, өнгө бүрийн гэрэлтэй усан оргилуур “бэлэглэх” нэрийн цаана үйлчилгээний цэгүүд, автомашины зогсоол барих зураг төсөл батлагдсан байжээ

Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил ашиглаагүй гэж гэрээг цуцлах тухай саналыг нийслэлээс өмнө нь хэдэнтээ гаргаж байж.  Харин “UB констракшн” компани “Ус, цахилгаанаар хангах эх үүсвэр шаардлага хангахгүй байна” гэх хариу тайлбар өгч, тухай бүрт асуудлаас мултарч байсан гэх. Одоо ч тэд асуудлаас зайлсхийсээр байгаа.

Угтаа “UB констрашн”-ыхан анх газар эзэмших эрхийг авахын тулд зураг төсөл гаргаж байхдаа энэ тухай тооцоолсон байлтай. Нийслэлийн газрын албаныхан ч үүнийг анхаарсан баймаар. Харин одоо шинээр 1000 ваттын хүчин чадалтай трубины өргөтгөл ашиглалтад ормогц “UB констракшн” компанийхан “Хөгжийн аялгуут усан оргилуур” барих нэрийдлээр худалдаа, үйлчилгээний цэг, автомашины зогсоол барихаар зэхэж байгаа бололтой.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж