Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусна. Тэд Гацууртын ордыг зуун хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Газрын хэвлий дороо 76 орчим тонн алттай Гацууртын ордыг чухам ямар хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг дээр УИХ дахь намын бүлгүүд эсрэг, тэсрэг байр суурьтай, энэ асуудал улс төрийн хүрээнийхний дунд яг Тавантолгой шиг хэрүүл, талцал үүсгээд буй.
Олонхийн бүлэг буюу Ардчилсан намын бүлэг Засгийн газраас өргөн барьсан “Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох” гэсэн хувилбарыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл “Шударга ёс” эвслийнхэн 100 хувь ард түмний өмчлөлд байлгах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа.
Ямар ч байсан энэ тогтоолын төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө нэг тийшээ шийдэхээ УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон билээ.
Хувийн компани өөрсдийн хөрөнгөөр хайгуул, судалгааны ажил хийж, нөөцийг нь тогтоосон бол тухайн ордын 34 хувийг төр эзэмших эрхтэй гэж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монголын Засгийн газар хөрөнгө оруулахгүйгээр мөн бизнесийн хариуцлага хүлээхгүйгээр энэ ордод 34 хувь эзэмших боломжтой юм байна. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт “Сайдын цаг”-т оролцох үедээ хэвлэлийнхэнд тайлбарлахдаа “34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор гурав орчим хувь дээр очих боломж байна гэсэн Ажлын хэсгийн санал бий Тэгэхээр гурван хувийн нэмэгдэл роялти авна гэвэл таван хувийн суурь роялти, таван хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа”-г дуулгав. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дэвшүүлсэн хувилбараар Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал Монгол Улс нийтдээ 78 хувийн татвар авахаар болж байна.
Харин ногдол ашиг авна гэвэл яг Оюутолгой шиг бэрхшээлтэй асуудлууд үүсч болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардал, өр зээлээ дарсны дараа ногдол ашгаа хүртэнэ. Өнөөдөр Оюутолгой дээр үүссэн үйл ойлголцол, маргаан маргааш Гацууртын орд дээр гарч болзошгүйг ч бодолцох ёстой. Тиймээс тусгай рояльтиг газраа ухаж эхлэх цагтай зэрэгцээд аваад эхлэх нь эдийн засагт ч ашигтай, бас төр хувь эзэмшихдээ хариуцлага хүлээхгүй, өрөнд орохгүй, эрсдэлт үүрэхгүй гээд олон талаас нь харвал хамгийн оновчтой хувилбар ч байж болохоор.
Гацууртын ордын нөөц нийтдээ 76 тонн. Гэхдээ ТЭЗҮ-ээр тогтоосон 50 тонн алтыг олборлож борлуулснаар нийтдээ гурван их наяд төгрөг буюу 1.7 тэрбум ам.доллар олно гэсэн тооцоо бий. Хөрөнгө оруулалт, зардлаа тооцоод хасахаар 200 сая доллар нь цэвэр ашиг болно. Хэдийгээр өнгөцхөн харахад ердөө 200 сая долларын цэвэр ашиг олохоор байгаа ч төсөл хэрэгжүүлэх явцад Монгол Улсад төлөх татварын хураамж нь гэхэд 380 орчим сая ам.доллараар яригдаж байна. Тус ордыг арван жилийн хугацаанд ашиглана гэвэл 730 орчим сая ам.доллартэй тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ үндэсний аж ахуй нэгжүүдэд хийгдэнэ гэсэн ажлын хэсгийнхний гаргасан тооцоо судалгаа бий.
Оюутолгойн ордын нийт ашгийн 54 хувь нь Монголын Засгийн газарт ногдож байгаа бол Гацууртынх 81 хувиар хэмжигдэж байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн.
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай зэрэгцээд нэг том эсэргүүцэлтэй тулгарах болсон нь Ноён уулын булш, бунханы асуудал. Хүннүгийн үеийн түүхэн олдворуудаа сүйтгэж магадгүй гэсэн болгоомжлолыг эрдэмтэн судлаачид ч үгүйсгэж буй юм.
Өөрөөр хэлбэл, Хүннүгийн олдвортой гэх газар нь алтны үндсэн ордоосоо долоон км зайтай гэх. УИХ-ын дарга нэгэнтээ энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ноён уулын алтыг ухуулахгүй, булшийг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй. Явмагц нь орж алтыг нь, булшийг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах зорилготой. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай компаниудын эрхийг хамгаалах ёстой” гэсэн байдаг. Тэгэхээр булш, бунханы нэрээр эсэргүүцлийн том хөдөлгөөн өрнүүлээд байгаа хүмүүсийн ард алтны ченжүүд бий гэсэн хардлага ч байна. Гацууртын ордыг ашиглах компани хуулийн дагуу алтаа 100 хувь Монголбанкинд тушаах ёстой. Ингэснээр манай улсын валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханшид эергээр нөлөөлөх боломжтой юм. Ийнхүү Гацууртын ордыг тойрсон маргаан энэ хаврын чуулганаар эцэслэгдэх үү, үгүй юу гэдэг нь, эрдэс баялгаа эргэлтэд оруулах Засгийн газрын бодлого дэмжлэг авах эсэх нь энэ удаагийн парламентаас гарах шийдвэрээс хамаарна. Хуулийн дагуу алтаа олборлуулж, албан ёсоор татвараа авах уу, аль эсвэл хар захаар алтаа алдаад дуусах уу гэдгийг Саарал ордонд суугаа 76 шийдэхээр болж байна.
Хэрэв та бүхэн санаж байгаа бол хөхөө өвлөөр "Хөгжлийн аль замыг сонгох вэ?" гэсэн Засгийн газрын санал асуулгад ард олны олонх нь “1”-ийг сонгосон. Түүнээс хойш таван сар өнгөрчээ.
Тавантолгой, Гацуурт зэрэг эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахыг монголчууд хүссэн.
Алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлдэхийг хүсээгүй бол нүүрсээ ч алтаа ч зарах цаг болсон юм биш үү…
Ж.ЭРХЭС