Чилийн өмнөд нутгийн Пуйеуэ (Puyehue) галт уул ням гаригийн шөнө дэлбэрч эхлэн орон нутгийн засаг захиргаа галт уулын орчимд “улаан” төвшний аюул зарлан тэр хавийн 3,5 мянган хүнийг аюулгүй газар нүүлгээд байна.
Галт уулын дээр асар том үнсэн багана үүсч Аргентины зүг нүүж эхэлсэн байна. Аргентины Барилоче (Bariloche) хотын нисэх буудлыг түр хугацаагаар хаажээ. Хотынхонд гэр орноосоо гарахгүй байхыг сануулсан гэнэ.
Пуйеуэ галт уул нь бас ийм нэртэй үндэсний дархан газарт байдаг, Пуйеуэ Кордон Каулле гэх галт уулын цувралд багтдаг. Галт уул 1960 онд болсон сүйрлийн газар хөдлөлтийн дараа идэвхжин дэлбэрч байжээ.
Ш.МЯГМАР