”Хаан нүцгэн байна!”

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

”Хаан нүцгэн байна!”

Шведийн Карл XVI Густавын талаарх дуулиан (эрхэм дээдсийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой гэж сэжиглэж буй) өнгөрсөн долоо хоногт дахин идэвхжлээ. Гангстер ба садар самууны сүлжээний эзэн байсан зохиолч Милле Маркович хааныг буруутгаж байснаа баримтжуулан эрхэм дээдсийн нүцгэн эмэгтэйчүүдийн хамт байгаа зургуудыг нийтлэх болно хэмээн зарлав.
Сүүлийн үед элдэв тааламжгүй хэрэг явдал Шведийн эрхэм дээдсийн гэр бүлийг ороож байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард гүнж Мадлены сүйт хархүү нь оюутан бүсгүйтэй жиг ургуулсан гэх яриа тархаж сүйгээ цуцалсан. Үүнээс хэдэн сарын дараа хатан хаан Сильвийн эцэгтэй холбоотой хуучин түүх дахин сөхөгдөв. Сильвийн эцгийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистуудтай хамсаатайн байсан гэж сэжиглэдэг. Харин хатан хаан үүнийг гүтгэлэг гэж үзэн зарга үүсгэсэн юм.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Шведэд “Карл Густав:Аргагүйн эрхэнд хаан” гэсэн ном гарснаар дуулиан дэгдсэн. Номонд 65 настай хаан Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони шиг залуу бүсгүйчүүд оролцуулсан задгай үдэшлэг тогтмол зохиодог гэсэн байлаа.

Үүнээс гадна Карл Густав залуу эмэгтэйчүүдтэй цагаа өнгөрүүлэх дуртай бөгөөд Камилла Хенемарк гэх дуучин, загвар өмсөгчтэй нэлээд хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байгаа гэнэ. Мөн хаан залуудаа стриптиз баар болон бусад цэнгээний газруудаар цаг өнгөрөөх дуртай байсан. Тэр газруудын эзэд нь Шведийн гэмт хэргийн бүлэглэлийг толгойлж байсан гэсэн мэдээлэл гарсан юм.
Энэ бүгдэд хаантны гэр бүлийнхэн огт хариу өгөөгүй бөгөөд “Тэр хуудсыг бушуухан шиг эргүүлэх юмсан” гэж хаан дуугарсан гэж байсан. Гэсэн ч хаан хэн нэгэнтэй тооцоо бодох гэсэнгүй юм. Харин номын зохиогчдыг баримт сэлтдээ хэтэрхий чөлөөтэй хандсан гэж шүүмжилсэн байна. Үүнчлэн эргэлзээтэй эх сурвалжийн баримтыг хэтэрхий ихээр ашигласан гэжээ.

Энэхүү дуулиан хаант засаглалыг эсэргүүцдэг хүмүүсийн анхаарлыг ихээр татаж  байна. Шведийн социал демократууд дуулиант номын баримтуудыг шалгаж  үзэхийг уриалсан. Олон нийтийн шахалтаар Карл Густав ер бусын алхам хийж, хувийн амьдралынхаа талаар сэтгүүлчдэд тайлагнахаар тавдугаар сарын 30-нд Шведийн ТТ агентлагад ярилцлага өгөв. Шүүхийн мэдүүлэг өгч байгаа юм шиг хааны яриаг Шведийн бүх хэвлэл анхааралтайгаар ажиглаж байлаа. Хаантан өөрийнх нь тухай бүх яриаг үгүйсгэсэн байна. Ярилцлагын турш тэрээр 36-гаас багагүй удаа “Үгүй” гэдэг үгийг давтсан гэсэн тоог “Metro” сониныхон гаргасан байна.

Гэхдээ энэхүү ярилцлага нь хааны гэр бүлд тус болсонгүй, харин ч дуулианыг улам сэдрээв. Номын зохиолчдын нэг Стокгольмын сэтгүүлч Томас Шеберг (Thomas Sjoberg) эрхэм дээдсийг худал хэлж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр “Хаан Шведийн ард түмний нүүрэн дээр ичихгүйгээр худлаа ярьж байгаа нь надад маш эвгүй байна. Энэ бол ичгэвтэр хэрэг” гэж Шеберг Dagens Nyheter сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Шведийн нэр хүндтэй хэвлэлүүд хааны ярианд эргэлзэж буйгаа илэрхийллээ. Dagens Nyheter гэдэг нөгөө сонин “Ярилцлага ямар ч тодорхой зүйлийг гаргасангүй. Хэрэв энэ нь гүтгэлэг байсан юм бол өнгөрсөн намар энэ үгээ хэлэхгүй яасан юм бэ” гэсэн байв. “Expressen” сонин “Хааны хачирхалтай яриа” гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл гаргажээ. “Aftonbladet” сонин Милле Маркович гэгчид хааны эсрэг хөдлөшгүй баримт байгаа тухай  өгүүлсэн байв.
Милле Маркович гэх эхлэн бичигч зохиолч өмнө нь нэг биш удаа шүүгдэж байсан, гэмт хэрэгтэн стриптиз клубын эзэн байсан гэнэ. Түүнд хааны залуудаа клубаар орж ирдэг байсан гэрэл зургийн баримт байгаа гэжээ. Одоо тэрээр өөрийнхөө намтрыг бичиж байгаа бөгөөд түүнд зохиолч Томас Шеберг тусалж байна. Энэхүү номоо энэ оны сүүлчээр гаргах юм. Мөн номын зохиолч хааны нүцгэн эмэгтэйчүүдийн дунд байгаа зургийг нийтлэхээс гадна интернэтэд тавина гэжээ. “Aftonbladet” сонины сурвалжлагч тэр зургуудыг харсан гээд зургаас нь дахин татсан учраас чанар нь муу байсан гэж бичжээ.

Энэ дуулиан хэрхэн төгсөхийг хэлэх аргагүй. Марковичийн гэрэл зургууд жинхэнэ байлаа гэхэд хаан гэх нэрнээс өөр эрх мэдэлгүй хүний талаарх яриа ямар үр дагавартай байх билээ. Мэдээж хааны нэр хүнд унана. Гэхдээ Ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд байсан бол албан тушаалаас нь огцруулах байсан биз. Орчин цагт хаант засаглалыг хэвээр байлгахад эдийн засгийн олон асуудал үүсч байгаа. Завхай, худалч хаанд татвар төлөхийг хүмүүс хүсэх­гүй гэж сонингууд эгдүүцэж байна.

Энэ том дуулиан Шведийн хаант засаглалыг халах их эхлэлийн анхны алхам болохыг ч үгүйсгэх аргагүй. Бусад хаант засаглалтай орнуудад мөнгөө зарах энэхүү дэглэмээ хадгалсан хэвээр байгаа зүгээр нэг хэрэг биш юм. Учир олон жил хаант засаглалаа хадгалж ирсэн улс орнуудын хувьд хаан гэдэг улс орны нэр хүндэд хэрэгтэй брэнд гэж үздэг. Карл Густавын хамаардаг Бернадотуудын  Швед брэнд 1818 онд үүссэн  болохоор халаад мартахад ч амархан байж болох талтай. Шведийн хааны гэрэл зурагтай холбоотой дуулианы явцад Швед хожихоосоо илүү алдаж магадгүй гэж зарим хүн болгоомжилж байгаа аж.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж