“Хааны үр хаан, харцын үр харц” гэсэн цоо шинэ хандлага Монголын улс төрд соёолж эхэллээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйлстэй харшлах баян, ядуугийн ялгарал ялангуяа Ардын намын шинэ, залуу үеийнхнээс хүчтэй мэдрэгдэх болсоор удаж байгаа юм.
Сайн эцгийн гэхээсээ баян аавынхаа хумсалж, хулгайлж, хурааж, хуримтлуулсан их хөрөнгийг гартаа атгаад эрх мэдэлд дугаарлах болсон өв залгамжлагчдын тоо өдөр ирэх тусам Монголын улс төрд олширч байна. Улс төрийг тэд эцгийн хөрөнгийг арвижуулах, эрх мэдлийг хувийн бизнесээ тэтгэх хэрэгсэл төдийгөөр харах болсон нь харамсалтай. Эцэг нь хөрөнгөө яаж хуримтуулсан яг тийм аргаар хүү нь мөнгө босгохоор улс төр рүү улайрах болов.
Хэдийгээр эцэг нь хумсалж, хулгайлсан ч гэлээ хуруу, хумсаа хуйхлан байж хураасан хөрөнгийг нь улс төрийн увайгүй хэрүүл, эрх мэдлийн бохир өрсөлдөөнд зарцуулж байхаар эдийн засгийн түүхэнд үлдэх томоохон бүтээн байгуулалт хийх хэрэгтэй шүү дээ. Байшин барьж, зам тавьж, үйлдвэр босгож, улс орны хөгжилд өөр юу хэрэгтэй байна, түүнд хөрөнгөө оруул. Хаа газрын өв залгамжлагчид эцгээсээ өвлөсөн хөрөнгөө томруулж, өргөжүүлэхэд анхаардаг болохоос биш өнөөгийн Монголын өв залгамжлагчид шиг бохир улс төрийн бооцоонд тавьдаггүй юм шүү дээ. Эцэг нь төрөөс “хумсалдаг” байлаа гэхэд хүү нь дагаад “хулгайч” болохыг мөрөөдөж болохгүй. Аав чинь сайд байлаа гээд чи сайдын суудлыг эцгийн нэр зүс, хөрөнгө мөнгөөр хүчилж авна гэсэн үг биш.
Хаа газрын өв залгамжлагчид эцгээсээ өвлөсөн хөрөнгөө томруулж, өргөжүүлэхэд анхаардаг болохоос биш өнөөгийн Монголын өв залгамжлагчид шиг бохир улс төрийн бооцоонд тавьдаггүй юм шүү дээ. Эцэг нь төрөөс “хумсалдаг” байлаа гэхэд хүү нь дагаад “хулгайч” болохыг мөрөөдөж болохгүй. Аав чинь сайд байлаа гээд чи сайдын суудлыг эцгийн нэр зүс, хөрөнгө мөнгөөр хүчилж авна гэсэн үг биш.
Хөрөнгө мөнгө хүссэн болгон чинь өмнө нь байна. Юу дутсандаа улс төрийн угжны хүүхэд болохыг мөрөөдөнө вэ? Даргын хүү дарга, сайдын хүү сайд болдоггүй.
Эрх мэдлийг хүүдээ мөнгөөр худалдан авч өгдөг, өв залгамжлуулан үлдээдэг явдал өнөөдрийн улс төрийн нэгэн содон үзэгдэл болжээ. Үүнийгээ бизнесээ хамгаалах арга хэмээн ам таглах нь бий. Өнөөгийн Монголын улс төрд бизнесийн томчууд өөрсдийн төлөөлөгчдийг саарал ордонд илгээх болсоор удаж байгаа. "МАК", "MCS", "АПУ", "Женко", "Петровис", "Монос", "Бодь" гээд саарал ордон тэр чигтээ бизнесийн төлөөлөгчдөөр дүүрсэн. Одоо бүр эцэг нь хүүхдээ улс төрийн бохир ертөнцөд өөрийн гараар хөтлөн оруулж, үе залгамжлуулан үлдээж байгаа нь эмгэнэл болжээ. Улс төрийг тэд ердөө бизнесээ хамгаалах хэрэгсэл, бас бизнесээ тэтгэх угж болгон харж байгаа нь өрөвдөлтэй.
Ардын намаас эхлэлтэй энэ гаж үзэгдэл эцэстээ Ардчилсан намд ч халдварлах маягтай болсон. Яваандаа жирийн ардын хүү дарга хийж болохгүй гэсэн бичигдээгүй хуулийг Ардын намын өв залгамжлагчид бий болгож магадгүй нь. Хаа очиж, Ардчилсан намын залуус арай ч иймдээ тулаагүй байна.
Төрөөс төрсөн тэрбумтны хүүхдүүд улс төрийг зайдагнахын хэрээр Монголын улс төр дэх нийгмийн ялгарал ч улам тод явагдах шинжтэй. Тариачны хүү тариачин, гуталчны хүү гуталчин байх ёстой гэсэн үг биш ч баян эцгийнхээ нэр сүр, хөрөнгө мөнгөөр улс төрд гарч ирсэн Ардын намын залуус нийгмийг ийм л байдал руу түлхэж байна.
О.Содбилэг, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Х.Алтай гээд Ардын намд үе залгамжлан орж ирж байгаа өв залгамжлагч цөөнгүй. Цаашлаад тэд ч бас үр, хүүхдээ үе залгамжилсан улстөрч, сайд болгох уу? Ардын нам цаашдаа ардын нам бус үе, үеийн өв залгамжлагчдын нам болох уу?
Сүүлийн үед МАН-ын дэргэдэх залуусын байгууллага нь хоёр хуваагдаж, баян, ядуугаараа талцан зодолдох болсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байна. НАМЗХ-ны удирдлагууд дунд явагдаж байгаа үйл ойлголцлын ард хэн эрх мэдэлд, хэн хоолонд түрүүлж хүрэх вэ гэсэн том тэмцэл өрнөж буй нь нэгэнтээ тодорхой болсон.
Өв залгамжлагчид ба бусад хэмээн хуваагдсан НАМЗХ-ны залуусын тэмцэл өнөөдөр холбоогоо, маргааш намаа хоёр хуваах хэмжээний сүүдэр үлдээж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ардын намын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Улмаар Монголын төрийг цөөн хэдэн олигархиудын үр хүүхэд, өв залгамжлагчид удирдах тогтолцоо руу улс төр орохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө үүний эсрэг та бид өнөөдөр зогсох ёстой. Учир нь өөрийгөө ирээдүйн сайд, даргаар төсөөлсөн нялх Сэнгүмүүд Монголын төрд хувийн компани шигээ хандах болсонд байгаа юм.
Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол НАМЗХ-г гартаа авахаар улайрч байгаа өв залгамжлагчдад “өнчин залуус” саад болж байгаа гэх. НАМЗХ-ны ерөнхийлөгч Д.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалан нарыг Ардын намын өв залгамжлагчид өнчин, ядуугаар нь өөнтөглөж, унагааж хаяхаар хоорондоо хор найруулаад эхэлсэн гэсэн мэдээлэл ч байна. Ард нь нэртэй нөлөөтэй, хөрөнгөтэй, мөнгөтэй аавууд нь байгаа болохоор Ардын намын томчууд ч айгаад дуугарч чадахгүй байгаа бололтой.
Уг нь шинэ санаа, ноу-хау, шилдэг бүтээгдэхүүн, бизнес, брэндээр өрсөлдөж явах учиртай өв залгамжлагчид өөрсдийгөө улс төргүйгээр төсөөлөхөө больсон нь өрөвдмөөр. НАМЗХ-г баян, ядуугаар нь талцуулаад эхэлсэн нялх Сэнгүмүүд намаа, цаашлаад Монголын улс төрийг залгиж магадгүй нь.
Ж.НЯМСҮРЭН