Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй хүүхэд байдаг

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлаг-аар жил бүрийн 6-р сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгосон. Манай улс энэхүү өдрийг 10 гаруй жил тасралтгүй тодорхой арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэж иржээ. Аймгийн хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн эсрэг судалгаа хийхэд хүүхдүүд 3 чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдсон гэж байгаа юм. Үүнд уралдаанч хүүхэд, өрхийн бизнесийн үйл ажиллагаанд чиглэгдсэн эцэг эхдээ туслах зорилгоор ногоо тариалдаг хүүхэд, мөн хогийн цэг дээр ажиллах явдал орж байна.
Аймгийн хэмжээнд дээрх 3 чиглэлээр хөдөлмөр эрхэлж байгаа 7-17 насны 200 гаруй хүүхэд байдаг гэсэн албан бус тоог хөдөлмөрийн хэлтсээс гаргасан байна. Энэ удаагийн “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая” үйл ажиллагаагаар дамжуулан эцэг эхчүүдэд нөлөөллийн арга хэмжээ сургалт сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй орчинд, хэт халуун, хүйтэн нөхцөлд, уртасгасан болон шөнийн цагаар ажиллаж, өөрийн хэр хэмжээнээс хэтэрсэн хүнд ачаа өргөх, зөөх зэрэг хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургуулиас түр хугацаагаар завсардах, сургуульд сурахгүй байх зэргээр сурах эрх нь хязгаарлагдаж байдаг. Өнөөгийн байдлаар хогийн цэг дээр амьдарч байгаа 2 хүүхэд сургууль завсарджээ. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөр 2012-2016 он хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн эцсийн зорилго үр дүн улсын хэмжээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг байхгүй болгоход чиглэгджээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn