Украины зүүн хязгаарт ажиллаж буй “Agence France-Presse” агентлагийн сэтгүүлч гар хийцийн бөмбөгний хэлтэрхийд оногдон хөлөндөө шархатжээ. Сэтгүүлч Александр Гаюк Донецк хотноо ажиллаж байсан аж.
Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид өнгөрсөн нэгдүгээр сард Донецк хотын гол нисэх буудалд хяналтаа тогтоосон юм. Харин Украины ерөнхийлөгч Пётр Порошенко хотын нисэх онгоцны буудлыг эргүүлэн авах амлалт өгчээ. Украины сөргөлдөгч талууд өнгөрсөн хоёрдугаар сард “Минск 2” гал зогсоох гэрээг байгуулсан боловч зөрчил, тулаан зогсохгүй байгаа юм. Энэ зургадугаар сар гарсаар Украины зүүн хязгаарт 50 орчим хүн амь үрэгдээд байгаа аж.
Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужууд Киевийн шинэ засгийн газрыг эсэргүүцэн, салан тусгаарлах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бослого, тэмцэл эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар Украины зүүн хязгаарын зөрчил, мөргөлдөөнд 6000 орчим хүн амь үрэгдээд байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse