-Монголын Ерөнхийлөгчийн үгийг сонссон Европарламентын 751 гишүүн өөр өөрсдийн төлөөлж буй улс орныхоо иргэдэд Монголын талаар эерэг, сайн сайхан зүйлийг түгээхээр цэнэглэгдсэн нь гарт үл баригдах оюуны том хөрөнгө оруулалт байлаа-
Монгол улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, бүс нутаг болоод дэлхийд нэр хүнд нь өсч байна. Энэ үйл явц яах аргагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвх санаачилга, ур ухаан, хувь хүний имижтэй холбоотой. Дипломатын шугамаар харилцан тохиролцсон албан ёсны айлчлалуудаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, нөлөө бүхий институтуудын харилцаа, хамтын ажиллагааны дагуу хийж байгаа уулзалтууд бүрэн эцсийн дүндээ Монголын нэр хүндийг бүхэлд өсгөх ээлжит боломж, Монголын ардчилалд үзүүлж буй хүндэтгэл болж байгааг бид харж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын парламентад үг хэлсэн нь үүний тод илрэл юм. Европ тив бол дэлхийн улс төр, эдийн засгийн том тоглогч, нөлөө бүхий нэгдэл. Европын 28 орны хүн амыг төлөөлөн Европын парламентад сонгогдсон 751 гишүүдэд ардчилсан Монгол Улсын бодлого, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах чин эрмэлзлэлээ тайлагнасан Ази тивийн гурав дахь Ерөнхийлөгч байлаа. 2001 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, 2007 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч Абдул Калам нар тэрхүү хүндэт индэр дээрээс үг хэлж байжээ.
Мэдээж эдийн засгийн хүчин чадлаар Монгол улсыг Европын холбоотой зүйрлэхийн аргагүй. Гэсэн ч бидэнд тоталитар дэглэмээс өөрсдийн оюун ухаанаар, харилцан ойлголцлын тайван аргаар ардчилал, чөлөөт зах зээл рүү шилжиж чадсан 25 жилийн түүх бий. Мөн энэхүү ардчилсан сонголтондоо үнэнч байх, хүний нийгмийн нийтлэг үнэ цэнийг хиртээлгүй авч явах чин хүсэл бий. Бидний энэ түүх, бидний энэ чин хүсэл бол бусдад гайхуулах бидний үнэт өв мөн. Чухам энэ мессежийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын гишүүдэд илгээсэн. Монгол улс цаазын ялыг түдгэлзүүлсэн, хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй хийж байгаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тууштай бодлого барьж байгаа зэрэг нь Европарламентын гишүүдийн зүгээс талархал хүлээж, алга ташин хүлээж авсаныг дурдахад таатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхийн өмнөхөн тус парламент Жендерийн тэгш байдлын стратеги хэмээх баримт бичгийг баталсан бөгөөд нийгмийн бүхий л харилцаанд эмэгтэйчүүдийн тэгш харилцааг эрхэмлэдэг, Монголын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэй гишүүдийн тоо өсч байгааг сонссон Европарламентын зарим эмэгтэй гишүүн хоёр гараа өргөн талархаж байлаа.
Европарламентын ерөнхийлөгч Мартин Шульц сэтгүүлчдэд хандсан мэдээлэлдээ, мөн Европарламентын Төв Ази, Монголын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ энэхүү үйл явдал нь Монголын талаарх мэдлэгийг улам тэлж, Монгол улсыг илүү сонирхох сонирхлыг өдөөлөө хэмээн хэлж байсан юм. Монголын Ерөнхийлөгчийн үгийг сонссон Европарламентын 751 гишүүн өөр өөрсдийн төлөөлж буй улс орныхоо иргэдэд Монголын талаар эерэг, сайн сайхан зүйлийг түгээхээр цэнэглэгдсэн нь гарт үл баригдах оюуны том хөрөнгө оруулалт байлаа.
Д.НАРАНТУЯА