Ухаалаг карт хэзээ худалдаанд гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Ухаалаг карт хэзээ худалдаанд гарах вэ?

Олны хэл амыг дагуулсан ч нийтийн тээврийн шинэчлэлийн ажил ирэх сараас эхлэх гэж байна. Нийтийн тээврийг цахим системд шилжүүлж кондуктор төвтэй хуучны арга барилаас салах цаг нь болсон хэмээн албаныхан тайлбарлаж буй. Тэгвэл цахим системд шилжихэд нэн тэргүүнд иргэдийг автобусанд бэлэн мөнгөөр бус, цахим картаар үйлчлүүлдэг хэвшилд сургах нь зүйтэй аж. Энэ ч үүднээс нийтийн тээвэрт цахим тооцооны машиныг суурилуулах ажил эд үргэлжилж байна. Энэ ажлыг нийслэлийн Тээврийн газраас гадна “Улаанбаатар смарт карт” компани хариуцан ажиллаж байна.

“ТҮЦ-ИЙХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАНА”

Долдугаар сарын 8-нд цахим системийн нээлт албан ёсоор болно. Үүнээс өмнө 500 орчим автобусны буудалд ухаалаг карт худалдаалах цэгийг автобусны буудлууд дээр байрлуулна. Гол нь автобусны буудалд байрлалтай ТҮЦ-ийн худалдагчидтай гэрээ байгуулан ухаалаг картаа борлуулах цэг болгон ажиллах юм. Тиймээс худалдаа эрхлэгчид ч энэ ажилд идэвхтэй хамрагдах шаардлагатай байгаа гэв. Ингээд энэ ажлыг гардан зохион байгуулж буй “Улаанбаатар смарт карт” команийн Маркетингийн менежер Ц.Түвшинжаргал “Одоогоор автобуснуудад машин суурилуулах, худалдах цэгийг байрлуулах ажил үргэлжилж байна. Ямартай ч ирэх сарын 8-нд нээлтээ хийхээс өмнө ухаалаг картыг худалдаанд гаргана” гэв. Мөн “Картын хувьд дотроо төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд бий. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авч болно” гэдгийг тэрээр хэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм. Картаар зорчиход анхаарах зүйл бий. Тухайлбал, иргэд автобусанд орох, гарах тохиолдолд хоёуланд нь уншуулах аж. Гэвч иргэдийн зүгээс гарахдаа уншуулахад мөнгө хасагдана гэх айдастай байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлсэн. Мөн олон сараар цэнэглэсэн картаа хаявал яах вэ зэрэг асуудал бий. Энэ талаар  “Улаанбаатар смарт карт” команийн Маркетингийн менежер Ц.Түвшинжаргал юу гэж ярьсныг дүрс бичлэгээс үзнэ үү!

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж