News.mn сайт өнгөрөгч долоо хоногийн ОНЦЛОХ СЭДЭВ-ээр "Эмнэлгүүдийн эм тарианы хүрэлцээ, хангамж, санхүүжилт"-ийн асуудлыг хөндсөн билээ. Энэ хүрээнд улсын эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.
ХУД-ИЙН НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН Ё.БАЯР:
-Манай улсын эмнэлэг хоцрогдсон. Эмнэлгүүд, эмч нар өвчний уг үндэсийг олдоггүй. Биеийн эсэргүүцэл сайжруулах эм өгөөд л хүнийг дахин, дахин эмчилгээ хийлгэхэд хүргэдэг. Жинхэнэ эрүүл мэндээ аврах гарц бол Монголын уламжлалт анагаах ухаан, ардын уламжлалт эмнэлэг. Өвчний жинхэнэ уг үндэсийг нь л олдог. Ингээд тухайн өвчнийг маш амархан эдгээдэг. Улсын эмнэлгийн хүрэлцээ хангамж ч хангалтгүй. Бөөн дараалалтай байдаг.
ДҮҮРГИЙН ИРГЭН А.ЛХАМСҮРЭН:
-Эмнэлгийн үйлчилгээ муу. Ер нь муухан үйлчилгээтэй байдаг. Эм тарианы хувьд ч тааруу. Дандаа л өөрсдөө эмийн сангаас авдаг шүү дээ. Хүнийхээ төлөө гэсэн нэг ч үйлчилгээ байхгүй. Ерөөсөө мөнгөний төлөө л улайрдаг. Уг нь бол иргэдийнх нь эрүүл мэндийн асуудал улсынх нь хамгийн түрүүнд ярьж, шийдэж байх асуудал шүү дээ.
ИРГЭН:
-Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа мөртлөө ерөөсөө даатгалаараа эмнэлгийн үйлчилгээ авч чаддагүй шүү дээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авъя гээд л эмнэлэгт очихоор хүнд суртал, дугаарлалт их байдаг. Өглөө 06.00 цагт очиход л дүүрэн хүн байна. Ажил төрөлтэй хүмүүс чинь тэрнээсээ төвөгшөөгөөд л хувийн эмнэлэг рүү очдог. Улсын эмнэлгээр үйлчлүүлэх ямар ч боломж байдаггүй.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Н.ЦЭДЭВ:
-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэхэд чирэгдэлтэй зүйл олон. Хэвтэн эмчлүүлэхдээ хүртэл байнга л эм, тариагаа нэг, хоёроор нь өөрсдийнхөө мөнгөөр эмнэлэг рүү зөөнө. Ихэвчлэн улсын эмнэлгүүд дандаа гаднаас эм, тариа зөөлгөдөг. Ер нь одоо эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь өөрчлөх, шинэчлэх цаг болсон.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТҮК-ийн ажилчин Д.НАРАНТУЯА:
-Өрхийн, дүүргийн, улсын төв эмнэлгүүд их чирэгдэлтэй. Удаан үйлчилгээтэй. Жишээлбэл, нэг шинжилгээ өгөхийн тулд хэдэн зуугаараа дугаарладаг. Гэтэл тухайн шинжилгээний хариу нь маргаашнаас наашгүй. Бусад улс оронд бол өвчтөн нэг шинжилгээ өглөө. 5.10 бүр цаашлаад 20 минутын дараа дор нь гаргачихдаг биз дээ. Гэтэл манай эмнэлгүүд тийм биш. Эмч, сувилагч нар удаан хөдөлгөөнтэй. Мөн эмийн сангууд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй үнээр өгдөг эмээ жагсаагаад шууд л өгдөг байх хэрэгтэй. Гэтэл ерөөсөө тийм биш, гуйлган барин л өгдөг. Эрүүл мэндийн үйлчилгээний салбар нэг л буруу тогтолцоотой яваад байна. Зарим залуу эмч нар өөрсдөө бие дааж эмчилгээгээ хийдэггүй. Настай эмч нараасаа байнгын асуугаастай. Нэгэнт зургаагаас есөн жил зарцуулаад сурсан л бол мэддэг л байх хэрэгтэй.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН Б.МЯГМАРСҮРЭН:
-Өрхийн эмнэлгийн үйлчилгээ бол муу. Улсын эмнэлэгүүдээр ер нь явдаггүй. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдийн эмч нар оношоо зөв тодорхойлж чаддагүй шүү дээ. Дандаа л бие биенээсээ асуух юм уу, ном хараад л сууж байдаг шүү дээ. Эм, тарианы хувьд ч хангалтгүй.
Д.УУДАМ