-Үйлдвэр бол эдийн засгийг тэтгэх гол хүч-
Монголчууд жилдээ 1.5 тэрбум ам.долларыг авто машин болон сэлбэг хэрэгслийг худалдан авахад, 1 тэрбум ам.долларыг барилгын материал авахад зарцуулдаг гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийн голлох үзүүлэлтээрээ Африкийн орнуудтай зэрэгцэх шахам тууж явж, импортын бараанд гар татдаггүйг энэхүү мэдээ тодорхойлно. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил болж байж, Японы “Toyota”-тай өрсөлдөхүйц авто машины үйлдвэртэй болж чадсангүй гэхэд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн бол барилгын арматур төмрөөс эхлээд олон зүйлээр дотоодынхоо хэрэгцээг хангаж, гадагш урсгадаг их валютыг хязгаарлах боломж байж… Харамсалтай нь чадсангүй, барилга барихад шаардагдах бүхий л бүтээгдэхүүнийг Хятад улсаас импортоор авч, хэрэгцээгээ хангасаар. Дээр нь эрчим хүч импортоор авна. Баруун таван аймгийг ОХУ-аас импортолсон эрчим хүчээр хангадаг бол өмнийн говьд орших Оюутолгойн орд жил бүр 100 сая ам.доллартай тэнцэх эрчим хүч урд хөршөөс импортоор авч байна. Тавантолгой цахилгаан станцыг байгуулчихсан бол эрчим хүчээ экспортолдоггүй юм гэхэд импортоор авч валют урсгахгүй байхгүй юу. Товчхондоо өнөөдрийн энэ зовлон үйлдвэрлэлийг аль ч утгаар нь хөгжүүлж чадаагүйн илрэл болов уу.
Гэхдээ Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсаны хүчинд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлснээр бодлого энэ долоо хоногт батлагдах болж байна. Бодлогод үндэсний үйлдвэрлэл болон экспортын үйлдвэрлэлийг дэмжсэн чухал заалтууд дараах байдлаар тусчээ. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортод гаргадаг үндэсний үйлдвэр технологийн шинэчлэл хийсэн бол хөрөнгө оруулалтынх нь зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төр 10 жилийн хугацаатай олгоно.
Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи бий болгохоор зорьж байгаа үйлдвэрт судалгаа, шинжилгээ, хөгжлийнх нь зардлын 75 хүртэлх хувийг буцаан олгоно. Энэхүү дэмжлэг нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид хамаарна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ашигт малтмалын салбарт олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид дээрх заалт үйлчлэхгүй, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид хамаарч байна. Улс бүр дэлхийд өрсөлдөх чадвартай үйлдвэртэй, “брэнд”-тэй болохын тулд төр нь бодлогоор дэмждэг. Тэрхүү суурь концепци Аж үйлдвэрийн бодлогод ийн тусаад байна.
Дээр нь хөрөнгөгүй бол үйлдвэрлэгч юу ч сэтгээд ажил хэрэг болгож чадахгүй. Монгол хүний оюунаас бий болсон хэчнээн сайхан шинэ санаанууд үйлдвэрлэлд нэвтэрч чадахгүй, мөн үйлдвэрүүд хуучин тоног төхөөрөмжөө шинэчилье гэвч дэмжлэггүйгээс зардлаа арайхийн дааж үйлдвэрлэл эрхэлж байгааг таашгүй. Үйлдвэрлэгчид тулгарч байгаа бэрхшээлээс төр үүрэлцэж, ачааг нь хөнгөлөхийн тулд үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжөө барьцаалан лизингээр авах боломжтой байх зохицуулалт тусгаж өгчээ. Хэрвээ үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ өргөтгөхөөр болж, зээл авах шаардлагатай болоход барьцаа хөрөнгөний асуудал банкинд үүсвэл төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаж, өгч дэмнэх нь.
Төр том худалдан авагч болно
Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Аж үйлдвэрийн сайд, Батлан хамгаалахын сайд нар хамтран ажиллах гэрээ байгуулж, төр худалдан авагч болохоо зарласанд үндэсний үйлдвэрлэгчид талархаж байв.
Үйлдвэрлэгчид орны цагаан хэрэглэл, цэргийн дүрэмт хувцас, суран тэлээ гээд юм, юм хийдэг ч импортын ижил төрлийн бараанд цохигдон борлуулалтгүйгээс хүндэрч байсан нь дээрх гэрээний дагуу сэргэснийг төрийн бодлогод суулгаж, цаашдаа ч тогтвортой мөрдөх хууль болон баталгаажуулж байна. Тодруулбал, дээрх бодлоготой цуг өргөн мэдүүлэгдсэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээсээ хангах боломжтой бол тендэр шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон” заалт оруулж өгчээ. Төсөв ерөнхийлөн захирагч энэхүү заалтыг зөрчвөл тухайн албыг 10 жил хүртэл хугацаагаар хаших эрхгүй, мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар заагаад байна. УИХ-ын төвшинд төслийг хэлэлцэх үед торгуулийн хэмжээ бага байна, нэмэх ёстой гэсэн асуудал хөндөгдсөн ч анхны өргөн барьсан хэмжээгээр торгууль батлагдах болж буй. Одоогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байгаа юм.
Ийм заалтыг хуульд тусгаж өгснөөр зөвхөн батлан хамгаалах салбарынханд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийлүүлж, хангалт хийгээд зогсохгүй сургууль, цэцэрлэгүүд том худалдан авагч болох боломжтой. Сургуулиуд сурагчийн ширээ, дүрэмт хувцас, дотуур байранд амьдрах хүүхдийн цагаан хэрэглэлийг үндэсний үйлдвэрүүдээс авч болох юм.
Мөн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд боловсруулаагүй түүхий эд /ноос, ноолуур, арьс ширний салбарт хамаарна/ экспортод гаргавал НӨАТ тогтоох нь. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар экспортод гаргадаг боловсруулсан, боловсруулаагүй аль ч төрлийн бүтээгдэхүүнд НӨАТ-ыг 0 хувиар тооцож иржээ. Харин НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулснаар эцсийн бүтээгдэхүүн экспортолбол татвар тогтоохгүй байх зохицуулалт тусгаад байна.
Дээр нь дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд өндөр татвар ногдуулж, үндэсний үйлдвэрлэлээ төр хамгаалах заалтыг энэхүү бодлогод тусгажээ. Энэ мэтчлэн Монголд шинээр үйлдвэрлэл бий болгох, байгаагаа хамгаалах, цаашдынх нь хөгжлийг 2030 он хүртэл тогтвортой дэмжихээр тусгасан Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдахад тун ойртлоо. Харин та үйлдвэрлэл эрхлэхэд бэлэн үү?.
Г.ДАРЬ