Монгол улсад аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлдэг, аялуулдаг, бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагуудыг нэг цэгээс хэрэглэгчидтэй уулзуулах Үндэсний Аялал Жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэн анх удаа зургаадугаар 19-21-ны өдрүүдэд болох гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол гадаадад аялагчид Ази, Европ, Америк тив, хөрш орнууд гэсэн хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг авах юм. Мөн гадаадын аялал жуулчлалын газрууд, Элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчилж оролцоно. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэнгийн хугацаанд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялал хийх зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд хийхээр төлөвлөжээ.
Д.УЛАМБАЯР