Нийтийн тээврээр зорчигчид ирэх долдугаар сарын 7-ноос эхлэн ухаалаг картыг ашиглаж эхлэхээр болсон. "U money" гэх энэхүү картыг иргэд 3600 төгрөгөөр эхний удаад худалдан авах юм. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болно. Цахим карт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрөлтэй. Мөн автобусны буудлуудын ойролцоох 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд цахим картыг худалдаалахаар төлөвлөжээ. Картаа мартсан үедээ мөнгөө бэлнээр зориулалтын саванд хийн, төлбөрөө төлөөд зорчин, гээж үрэгдүүлсэн бол хаалгах боломжтой юм байна. Карт уншуулах үед тухайн дансан дахь мөнгө автоматаар хасагдах бөгөөд тухайн зорчигч 30 минутын дотор дамжин суух үед дараагийн автобусанд 400 төгрөгөөр зорчих гэх мэтээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх аж.. БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусны ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд одоогоор автобуснуудад суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах ажлууд үргэлжилж байна.
Д.УУДАМ