Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүд өнгөрсөн даваа гаригт эхэлж байсан. Тэгвэл энэхүү соёлын үйл ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд Турк хоолны өдөрлөгөөр өндөрлөж байна. Энэ өдөр Туркийн төрөл бүрийн хоол, мөн амттан бэлтгэж иргэдэд үйлчилжээ.
Энэхүү өдөрлөгийн үеэр тогооч Б.Доганы сэтгэгдлийг сонслоо.
-Монголд ирээд хэдэн жил болж байна вэ? Тоогоор хэр удаан ажиллаж байна.?
-Би гэр бүлийнхээ хамтаар ирсэн. Энд ирээд 1,5 жил болж байна. Би 25 жил тогоочоор ажиллаж байна.
-Туркт тогоочоор ажиллаж байсан үеийг энд байгаа нөхцөлтэй харьцуулахад ямар байна вэ? Монголчууд Туркийн ямар хоолонд дуртай байна вэ?
-Мэдээж Туркт бол хоолны материалын олдоц сайн байдаг. Харин Монголд материалын олдоц бага байх шиг санагдсан. Махан хоолыг бид адилхан хэрэглэдэг юм байна. Мөн монголчууд сүүгээр хийсэн амттаныг их иддэг.
-Турк үндэсний хоолны тухай нэрлэхгүй юу?
-Туркийн хамгийн алдартай хоол нь махан хоол. Кебабын төрөл маш олон байдаг учраас түүнийг нэрлэхэд хэцүү. Искандер кебаб, адана кебаб, смит, гёзлеме, лахмажун, хатаасан жимстэй хонины мах зэрэг маш амттай хоол их бий.
-Монголд ирээд жил гаруйн хугацаа болжээ. Таны сэтгэгдлийг сонсоё?
-Аялал жуулчлал дэлхий дахинаа өндөр хөгжсөн байдаг ч танай улсын хувьд үнэхээр олон талын онцлогтой юм байна. Монголын байгалын энэ онцлог нь говь хээр, мөнх цаст уулыг ч онцгой болгож харуулжээ. Энэ сайхан байгалын зүй тогтлыг харуулсан аялал, жуулчлалынхаа салбарыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Миний харснаар аялал жуулчлалыг улам сайн хөгжүүлж чадвал эдийн засгийн томоохон гарцтай болно гэж бодож байна. Зав чөлөө гарвал Тэрэлж рүү явдаг. Хөдөө очоод амархад их сайхан байдаг.
-Өнөөдөр их завгүй байсан уу?
-Тиймээ төрөл бүрийн хоол бэлтгэсэн. Өнөөдөр Турк, Монголын иргэдийн баярын өдөр. Магадгүй би үүнд ганцхан Турк иргэн гэж онцолмооргүй байна. Бид нарын хоолны төрөл их адилхан байдаг. Надад монгол, турк хоолнууд их төстэй байдлаар харагддаг. Хоолны амтлагч өөр байдаг бол бусдаар бол ялгаа гардаггүй. Тиймээс өнөөдөр бидний бэлтгэсэн хоол бүгдэд таалагдсан гэж бодож байна.
Хоёр дахь жилдээ болж буй Туркийн соёлын өдрүүд энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Өнөөдөр 20.00 цагаас Чингисийн талбайд "Хурд", "Бөртэ" хамтлаг болон "Түмэн эх" чуулгын уран бүтээлчид оролцсон тоглолт болох аж.
Ч.БОЛОР