Нийтийн тээврийн газраас парк шинэчлэл хийхээр Беларусь улсаас 21 метрийн урттай угсраа, урт автобус оруулж иржээ. 120 хүний багтаамжтай энэхүү автобусыг энэ сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байсан ч хотын төв замд хийгдэж байгаа зам засварын ажлаас шалтгаалан ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл хйошлуулсан байна. Угсраа автобус оруулж ирэх болсон шалтгаан, онцлог давуу тал болон замын хөдөлгөөнд саадгүй явах боломжтой эсэх асуудлыг энэ удаад хөндлөө.
УРТ АВТОБУСАНД ЗОРИУЛЖ УУЛЗВАРУУДЫГ ЗАСВАРЛАЖЭЭ
Энэхүү угсраа автобусанд зориулж хотын төвийн уулзвар, эгнээ, автобусны буудлуудад багагүй засвар хийж бэлдэж байгаа юм. Тодруулбал, Таван шарын уулзвар болоод Офицеруудын ордны эргэлт хийх тойрог уулзварыг шинэчлэн өргөтгөсөн байна. Мөн угсраа автобус нь энхэл донхолтой замаар явах боломжгүй тул замын эвдрэлийг засч, автобусны буудлын кармаг битүүлэн нэгдүгээр эгнээг тусгаарлах зэрэг ажлуудыг хийх гэнэ.
НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДАГДЖЭЭ
Нийтийн тээврийн газар болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж угсраа, их, дунд багтаамжийн автобуснууд худалдан авахад 20 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөв батлуулжээ. Үүнээс угсраа автобусанд найман тэрбум төгрөг зарцуулсан аж. Тодруулан хэлэхэд, нэг угсраа автобусны үнэ нь 400 орчим сая төгрөг гэнэ. Энэ жилдээ 20 угсраа автобус худалдан авахаас одоогоор арван автобусыг ийнхүү оруулж иржээ.
“Өөрийн улсын замын орчин нөхцөлд тохируулан эдгээр угсраа автобусыг Беларусь улсын “Маз” компанийн үйлдвэрт захиалан хийлгүүлсэн. Хүйтэн, дулааны улиралд тохируулсан тусгай системтэй, цонх нь цантдаггүй, агааржуулагчтай гэдгээрээ онцлогтой. Мөн одоо үйлчилгээнд явж байгаа автобуснаас шатахуун зарцуулалтаар харьцангуй бага зэрэг давуу талууд цөөнгүй байгаа” гэж нийслэлийн Тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Болд онцолсон юм.
Одоо ч хотын төвийн замын нэгдүгээр эгнээнд автобус нь багталцахгүй, хоосон шахуу эргэлт хийж, алдагдалд ороод байгаа энэ үед автобусыг уртасгах шаардлагагүй гэдгийг иргэд хэлж байна.
"Тэр урт автобусыг оруулж ирэхийг үнэхээр дэмжихгүй байна. Иргэдийнхээ цалин, тэтгэврийг багахан хувиар ч нэмэх мөнгөгүй гэчихээд автобус авахад 20 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол байж болшгүй зүйл. Шинэ, урт автобус авна гэж байхаар одоо үйлчилгээнд явж байгаа автобусаа тордож цэвэрлээд явуулах хэрэгтэй шүү дээ. Автобусны урт, богинод анхаарал хандуулж байхын оронд кондукторуудынхаа харилцаанд анхаарах шаардлагатай гэж бодож байна" гэж Хан-Уул дүүргийн иргэн Б.Бадамцэцэг онцолсон юм.
Д.ЖАРГАЛ