Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана өнөө маргаашгүй нурах эрсдэлд хүрсэн. Энэхүү тусгаарлагч хана цөмөрч, нурвал бохир ус халин асгарах аюул учраад байгаа юм. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс засварын ажлыг эхлүүлж буй. Ийнхүү засвар шинэчлэл хийхтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр/06.12/ 22.00 цагаас өнөөдрийн 08.00 цаг хүртэл хязгаарласан. Албаныхны мэдэгдэж байгаагаар хэрэглээний усыг бүрэн хязгаарлаагүй шаардлагатай тодорхой газруудад хэсэг хугацаанд хязгаарласан аж. Одоогийн байдлаар ихэнх айлуудын усыг хэвийн өгч эхэлсэн байна. Харин засвар хийх хугацаанд буюу энэ сарын 14-ны өдрийг хүртэл архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг мөн арьс ширний үйлдвэрүүдийн усыг хязгаарлах гэнэ.
Мөн Ус сувгийн удирдах газраас засвар хийгдэх өдрүүдэд буюу энэ сарын 14-ныг дуустал хэрэглээний усыг аль болох хэмнэж, хэрэглээгээ багасгахыг иргэдээс хүсч байгаа юм.
Д.ЖАРГАЛ