Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Хууль бөөндөнө

УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд 33 хууль багтсан тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдэгджээ. Түүний хэлснээр “Энэ оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын дарга захирамж гаргаж, хаврын ээлжит чуулганаар 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх дараалал тогтоосон” аж. Тэгвэл ээлжит хаврын чуулган завсарлахад ердөө 18-хан хоног үлджээ. Одоогоор хаврын чуулганы хугацаанд гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн өргөн мэдүүлээд хэлэлцэж байгаа гурав, өргөн мэдүүлээгүй зургаан хуулийн төсөл байгаа гэдгийг Я.Содбаатар хэлжээ.

Тэгвэл хаврын чуулган эхлэх үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд  ялгавартай хандаж, намаар ялгаварласан зүйл огт байхгүй. АН-аас гэхэд 38 хуулийн төсөл санал болгосноос 7-г өргөн барьсан байсан. Үүнээс гурвыг нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Харин МАН-аас нийт  26 хуулийн төслийн санал өгснөөс мөн 7-г нь өргөн барьсан байсан. Үүнээс дөрвийг нь хэлэлцэх асуудалд оруулсан” гэж байлаа.

УИХ-ын цахим хуудсыг онгичиж үзвэл УИХ-ын хаврын чуулганаар дараах хууль болон тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан юмсанж. Үүнд,   

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

4.“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

5.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7.“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9.“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;

11.“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12.Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

13.Худалдааны тухай хуулийн төсөл;

14.Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15.Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

17.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;

18.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;

19.Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

20.“Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

22.Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

23/Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

24.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27.Зөрчлийн тухай хуулийн төсөл;

28.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

29.Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

30.Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;

31.Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

32.Казиногийн тухай хуулийн төсөл;

33.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ. Дээр нь намрын чуулганаас шилжсэн олон хуулийн төслүүд бий. Эдгээр хуулийн төслүүдэд зайлшгүй сайжруулан батлах шаардлагатай олон хууль бий. Гэтэл УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан хуулийн төслүүдийг хуруу дарвал жагсаалтынхаа талд нь хүрэхгүй аж. Харин УИХ-ын дарга олон чухал хуулийг засварлахын өмнө батлахаар төлөвлөөд байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Өөрөөр хэлбэл, үлдсэн хугацаанд багтааж бөөндөнө гэсэн үг. Улстөрчид хамгийн “но”-той, иргэдийн амьдрал маш чухал нөлөөтэй хуулиудыг наадам, цагаан сарын өмнөх өдөр буюу анхаарал суларсан үед хоноод ч хамаагүй батладаг башир “тактик”-тай болоод удаж байна. Чоно борооноор гэдэг шиг ийм үйлдлийнх нь хангалттай баримт бий болохоор энэ тухай сануулах нь илүүц биз.   

Харин сүүлийн үед дараалалд ороогүй хууль, тогтоолын төслүүд их хэлэлцэж байгаа тухай УИХ-ын гишүүд гомдоллоод буй.

Сонгуулиас сонгуулийн хооронд үйлчилдэг богино настай, боловсруулалт муутай хуулиа ч наадмын өмнө машиндахгүй гэх баталгаа алга. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд чухам юу суугаад байгааг өөрсдөөс нь өөр мэдэх хүн алга. Сураг сонсохнээ 48 суудлыг мажоритариар, 28-ыг пропорционалиар явуулах гэнэ.

Ер нь өөрсөддөө зориулсан, бусдад боломж олгоогүй тийм л хуулийг тэд батлахыг хичээн зорьдог нь хэнд ч ойлгомжтой асуудал.

Тиймээс иргэд үлдсэн хуулийн төслүүдээ хэсэг хугацаанд мартагнуулж байгаад наадмын хуушууртай зэрэгцүүлээд хууль болгочих санаатай төлөвлөж суугаа бололтой. Гэхдээ баяр, наадмын өмнө баталсан хуулийн 60-70 хувь нь хуудуутай, араасаа олон олон асуудал дагуулсан хууль байдгийг судлаачид хэлдэг. Харин тэд энэ л мөчийг хүлээдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч ээлжит хуулийн төслүүдээ хууль болгох өдрийг тэсэн ядаж хүлээж, хүссэнээ гүйцэлдүүлсний дараа хуушуураар найрлах төлөвлөгөөгөө хэзээний боловсруулчихсан бололтой. Энэ ч утгаараа боловсруулалт муутай, иргэдэд гай ч тарьж мэдэх хуулийн төслүүд дуншиж, хэзээ мөдгүй батлагдахаар “өвдөөд” эхэлжээ. Тиймээс урьд урьдынхаас илүү сонор, сэрэмжтэй байж, тэдний үйлдэлд анхаарлаа хандуулахыг цаг үе олон нийтээс шаардаж байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж