Барилгынхан банкаа татаж унагаах уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Барилгынхан банкаа татаж унагаах уу?

Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Үүний өмнөхөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ “УИХ дэмжлэг үзүүлбэл, иргэдээс авах урьдчилгаагаагаа 30 хувиас 10 хувь буулгах боломжтой” гэдгийг онцолсон юм.

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох сайхан мэдээллийг иргэд баяртайгаар хүлээн авсан. Тиймдээ ч Засгийн газар хэзээ “ипотекийн зээлийн урьдчилгааг арван хувь болгож буурууллаа” гэсэн чихэнд чимэгтэй мэдээ түгээхийг хүлээсэн өрх, гэр олон. Гэвч, нөгөө талдаа орон сууцны урьдчилгааг 10 хувь болгон бууруулах нь иргэдэд ашигтай ч эдийн засагт ашигтай байж чадах уу гэсэн асуулт тавигдаж байна.

Урьдчилгааг арван хувь болгон бууруулснаар банк санхүүгийн салбарт ямар эрсдэл учирч болзошгүйг хамгийн түрүүнд тооцох ёстой юм

Монгол Улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг удаа дараа хэрэгжүүлсэн боловч Ардчилсан намын бодлогоор хэрэгжиж байгаа ипотекийн зээл шиг иргэдэд хүрсэн нь цөөн. Гэхдээ нөгөө талаасаа урьдчилгааг арван хувь болгон бууруулснаар банк санхүүгийн салбарт ямар эрсдэл учирч болзошгүйг хамгийн түрүүнд тооцох ёстой юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгуулиар зулгаах иргэдийн хэдэн саналыг тооцож гаргах бус эдийн засгийн үндэстэй тоо бодох ёстой. Эргээд гарах үр дүн, үр дагаварыг нь тооцохгүйгээр эдийн засагтай холбоотой асуудалд улстөрийн өнцгөөр хандвал 2012 оны сонгуулийн өмнө урт нэртэй хууль гаргаж уул уурхайгаа татан унагаасантай адилхан болно.

Улаанбаатарт өнөөдөр 30 мянган айлын орон сууц борлуулалтгүй болсныг Барилгын салбарын сайд нэгэнтээ мэдээлж байсан. Тиймээс эрэлтийг нь дэмжих замаар тэрхүү орон сууцнуудыг борлуулах нэн шаардлага байгааг онцлов.

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч “компанийн өнгөрсөн сарын үнэ ханшийн өөрчлөлтөд хийсэн судалгаагаар орон сууцны үнэ 5.4 хувиар буурсан байна. Энэ нь барилгын салбарт өмнөх жилүүдэд үүссэн үнийн хөөс хагарч эхэлж буйн шинж гэж болохоор. Нөгөө талаасаа фэйсбүүк, твиттер гээд сошиал ертөнцөөр дүүрэн орон сууц худалдаалах зараас харахад орон сууцны үнэ цөөнгүй төгрөгөөр уначихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, борлуулалтгүй байгаа байраа зарахын тулд барилгын эзэд үнийн хөөсөө хүссэн ч эс хүссэн ч хагалахаас өөр сонголтгүй үлдсэн гэсэн үг. Гэхдээ өнөөдөр зарж байгаа орон сууцны үнэд нь өртөг зардал, бас тодорхой хувийн ашиг шингэсэн гэдгийг хэлэх нь зөв биз. Өмнө нь барилгын эзэд өртөг зардлаа хэд дахин нугалсан өндөр үнээр орон сууцаа зардаг байсныг нь хямрал харин нотлоод өгчихлөө.

Барилгын эздийн захиалгаар эрэлтийг хий дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл банкны салбараа татан унагаах болно.

Барилгын салбар хамгийн их ажлын байр бий болгодог гэдэг утгаараа эрэлтийг хий дэмжиж, борлуулалтыг нэмэгдүүлж болно. Гэхдээ манай барилгын компаниудад ажиллаж байгаа ажилчдын дийлэнх нь хятадууд, тэрт утгаараа чамгүй хөрөнгө юань болон Монголоос гадагшилдаг гэж хэлбэл худлаа болохгүй юм.

Банкны салбар бол эмзэг. Аливаа улс орны нийт эдийн засгийн тусгал болдгоороо энэ салбарт ирэх эрсдлийг нь нэгд тавих хэрэгтэй байх. Учир нь барилгын эздийн захиалгаар эрэлтийг хий дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл банкны салбараа татан унагаах болно.

Жижиг эдийн засагтай Монгол Улс бүү хэл, өндөр хөгжилтэй Америк ипотекийн зээлээсээ болж эдийн засгаа эрсдэлд оруулж байсан гашуун түүх бий.

Барилгын салбарт хямд үнэ, чанартай орон сууц шударга өрсөлдөөн одооноос бий болох хөрс нь бүрдсэн. Эрэлтээ дагаж үнэ нь өдөр ирэх тусам унаж байгаа барилгын салбарт төр оролцсоноор эргээд үнэ өсөх нөхцөл бүрдэнэ. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож бууруулснаасаа илүү иргэд үнийн хөөстэй орон сууц худалдан авах чадамжгүй болно. Жишээ нь, өнөөдөр хоёр өрөө 100 саяын байр байлаа гэхэд 30 саяын урьдчилгаагаа төлөөд үлдсэн 70 саяд зээл авах боломжтой. Тэгвэл урьдчилгааг 10 хувь болгосноор зохиомол эрэлт өснө, 100 саяын хоёр өрөө байр 130 сая төгрөг болно. Арван гурван саяын урьдчилгаа төлөөд 117 саяд нь зээл гаргалаа гэхэд арилжааны банкуудын шалгуурт тэнцэх хүн тун ховор. Монголчуудын дундаж цалин 850 мянга гэдгийг Үндэсний статистикинй газар өчигдөр мэдээлсэн байна лээ. Гэвч, бодит байдал дээр 850 мянган төгрөгийн цалин Монголд өндөртөө тооцогдоно шүү дээ.

Арван хувийг дагасан чанаргүй зээл өсч, банкныхан баахан зарагдахгүй байртай ч болж магадгүй. Аливаа зүйлийн эрсдлийг нь эхлээд тооц гэсэн үг бий.

Засгийн газар 20 хувийн баталгаа гаргаж, зээлийн хугацааг 30 болгох санал гаргаж буй. Ипотекийн зээлийн урьдчилгаа 10 хувь, хугацаа 30 жил гэхээр зээлэндээ хариуцлагатай хандах хүн цөөхөн болно.

Үндэсний статистикийн газар энэ оны эхний таван сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 738 тэрбум төгрөг болсон. Энэ нь өмнөх оноос 19 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр зарласан. Ипотекийн зээлийн урьдчилгааг арван хувь болгон бууруулснаар банкны салбар дахь чанаргүй зээл өсөхгүй гэх баталгаагүй. Банкинд 30 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 100 саяын байр авсан, 10 саяын урьдчилгаа төлөөд 100 сая төгрөгийн байр зээлсэн хоёрын аль нь авсан зээлэндээ хариуцлагатай хандах вэ.  Арван хувийг дагасан чанаргүй зээл өсч, банкныхан баахан зарагдахгүй байртай ч болж магадгүй. Аливаа зүйлийн эрсдлийг нь эхлээд тооц гэсэн үг бий.

Нөгөө талаасаа урьдчилгааг 10 хувь болгон бууруулснаар үйлчилгээний салбарууд хаалгаа барина. Үнэндээ эдийн засаг хямарчихаад үйлчилгээний салбар орлогогүй байгаа юм биш, иргэд ипотекийн зээлэнд хамрагдсанаар энэ салбарын орлого хумигдсан. Үйлчилгээний салбарын орлого багасахын хэрээр улсын төсөвт орж ирэх татварын мөнгө дагаад буурах болсон билээ..

Арван зургаан оны сонгууль хаяанд, улстөрчдөд, улс төрийн намуудын “бяр” амтагдаад эхэлсэн байж болно. Гэхдээ сэтгэлийн хөөрлөөр эдийн засгаа битгий “бярдаад” унагаачихаарай даа. Энийг л эрх баригчдаас хүсье.

Ж.НЯМСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж