Хуучин орон сууцны үнэ буурсаар байна

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Хуучин орон сууцны үнэ буурсаар байна

Монголбанк, Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хамтран энэ оны тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг хийснээ олон нийтэд танилцууллаа.

Судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулсан байна. Судалгаагаар хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард хоёр өрөө хуучин орон сууц 94.300.000 төгрөгийн үнэтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар буурсан үзүүлэлт аж.

Ингэхдээ дүүргээсээ хамаарч хуучин орон сууцны үнэ өөр, өөр байгаа юм. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт хоёр өрөө байр 111.2 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт  хоёр өрөө байр 107.5 сая төгрөг, Баянгол дүүрэгт 93.9 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 93.1 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 80.9 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 78.3 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны тухайд үнийн индекс нь 26.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувийн өсөлттэй гарсан байна. Шинэ байрны үнэ ийн хэлбэлзэлтэй гарсан нь төгрөгийн гадаад валюттай харилцах ханшаас хамааралтайг судалгааныхан онцоллоо.

Шинэ орон сууцны үнэ аль дүүрэгт хамаарч байгаагаасаа шалтгаалж харилцан адилгүй байгаа юм.

Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт баригдсан орон сууц 1 м2 нь 3 сая 150 мянган төгрөг, Хан-Уул дүүрэгт 1м2 нь 2 сая 930 мянга, Баянзүрх дүүрэгт 1.м2 нь 2 сая 230 мянга, Баянгол дүүрэгт 1м2 нь 2 сая 140 мянга, Чингэлтэй дүүрэгт 1м2 нь 1 сая 840 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 1м2 нь 1 сая 640 мянган төгрөгийн үнэтэй аж.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж гаргажээ.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

16.8%

26.7%

10.0%

Өмнөх сартай харьцуулахад

0.2%

-0.4%

-0.6 %

Оны эхэнтэй харьцуулахад

-1.8%

-0.03%

-5.3%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-5.4%

0.5%

-9.8%

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж