Нийслэлийн НАМЗХ хуралдах уу

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Нийслэлийн НАМЗХ хуралдах уу

Нийслэлийн НАМЗХ нь 8 жилийн хугацаанд хурлаа хийгээгүй бөгөөд НАМЗХ-ны дүрмийг өөрчилж, 35 насны хязгаарыг өөрчлөхийг хүсч буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дэмжиж буй гол хүч юм.

НАМЗХ-ны дүрмийн дагуу 35 нас хэтэрсэн залуус ээлжит Их хуралд төлөөлөгчөөр сонгогдох боломжгүй ч хүч түрэн Нийслэлийн НАМЗХ болон Дорнод аймгийн хурлыг хийхгүй хэвээр үлдээж, 35 нас хэтэрсэн хүмүүсийг Их хуралд төлөөлөгчөөр сонгуулах гэсэн нь өнөөдрийн маргааны гол сэдэв болж байна.

Нийслэлийн НАМЗХ-г удирдаж буй П.Баярхүү нь одоо 42 настай, ер нь нийт тэргүүлэгчдийн 80 гаруй хувь нь 35 насны хязгаар давжээ. Энэ байдал нь Нийслэлийн залуусын эгдүүцлийг төрүүлж, Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдаж шаардлага хүргүүлжээ.

Намын дарга М.Энхболд зөрчилдөж буй 2 талыг хүлээн авч уулзаад хугацаа хэтэрсэн Нийслэл, аймаг, дүүргүүд Их хурлаас өмнө хурлаа хийх чиглэл өгсөн байна.

Намын даргын чиглэлийг үндэслэн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн НАМЗХ-ны хурлыг Их хурлаас өмнө хийх тухай тогтоол гаргажээ. Гэвч тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл тус холбоо хурлаа хийгээгүй бөгөөд Ажлын хэсгийг ахлаж буй Г.Тэмүүлэн энэ асуудлыг шийдэлгүй хойшлуулсаар сар гаран болсон байна.

Өчигдөр Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, энэхүү маргааныг таслах санал хураалт боллоо.  Ажлын хэсгийн 11 гишүүний 6 нь Нийслэлийн НАМЗХ-ны хурлыг Их хурлаас өмнө хуралдуулах шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр гармагц ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хурлаа дуусгахгүйгээр тогтоол дээр гарын үсэг зурахгүйгээр гарч явсан байна.

Одоогоор залуучууд ажлын хэсгийн ахлагч Г. Тэмүүлэнг хайж, эв нэгдэл, нийтлэг зарчим, залуучуудын холбооны дүрмийг мөрдөж олонхоороо гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, ирж гарын гарын зурж, Нийслэлийн хурлыг зохион байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байгаа ажээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж