Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

-Зун нар үзэхээ байлаа Э.Бат-Үүл буруутай Батнаранг хотын даргаар сонгох байсан юм,

-Дулаан цэвэр усны шугам сүлжээг засаад халуун ус ирэхгүй байна Э.Бат-Үүл буруутай

-Хотоос гар гэж хөөж байна өнөөх л Э.Бат-Үүл

-Зун болоод зусландаа гарах гэхээр зам засаад эхэллээ өвөл засахгүй дээ Э.Бат-Үүл гуай

-Хогоо ил задгай хаядаг байсныг уутал гэж байна Э.Бат-Үүл

-Замын нэгдүгээр эгнээнд хууль зөрчөөд машинаа тавьчихсан чинь Э.Бат-Үүл ачаад явчихлаа гээд л бүдэрч унахдаа хүртэл хотын даргаа буруутгадаг болж. Зарим нэг хүн. Эдгээр өөнтөгчдөөс айгаад эвдэрсэн замаа засахгүй, хагарсан дулааны шугамаа нөхөхгүй, хууль зөрчигсдийн толгойг илээд өнгөрөх юм гэж үү. Жил бүр л алга дарам хэсгийг нь замаскадаж иргэдийн нүдийг хуурдаг замыг хэдэн жилдээ засахгүйгээр шинэчилж, зун бүр л ус таслаж байгаад ухаж сэндийчээд гагнаж наагаад булдаг шугам сүлжээг хэдэн жилдээ засахааргүй урт настайгаар засварлах нь ялгаатай гэдгийг эрх биш ойлгох болов уу нийслэлчүүд.

Хогоо хогийн уутанд хаяж ачуулаад цэвэр цэмцгэр аж төрцгөөе, агаарын бохирдлыг бууруулж гэр хорооллыг орон сууцжуулъя, төв замаа хэсэг хугацаанд хааж байгаад ганц хоёр жилийн настай бус 50 жилийн насжилттай дулаан, цэвэр усны шугам сүлжээг байгуулъя, жил бүр нөхөөс хийгээд нүд хуураад сурчихсан зуслангийн замыг хэдэн жилдээ гар хүрэхээргүйгээр засъя гэсэн хотын даргын шийдвэр юу нь буруу байна аа.

Олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан Э.Бат-Үүлийг буруутгах компанит ажиллагаа, төлөвлөгөөт дайралт үргэлжилж байна гэх. “Э.Бат-Үүлээр далимдуулан хувь хүнийг нь цаашлаад намыг нь “миалах” тактик боловсруулагсад нь МАН-ынхан. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй нөхөд гардан зохион байгуулж байна” гэж хардагсад ч цөөнгүй байна.

О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хэрэглэгчдээс ирсэн гомдлуудыг шалгаж хайр найргүй торгож, хууль зөрчигсдийг нэрлэж, хууль бус үйлдлийг нь шууд таслан зогсоодог байсан. Гэтэл МАН-аас томилогдож очсон ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы сүүлийн үед хийж байгаа бүхий л хяналт шалгалт, хэвлэлийн хурал нь нийслэлийн Засаг даргын шийдвэрүүдийг буруутгасан, хатгасан шинжтэй байгаа нь ийнхүү хардахад хүргэсэн байх. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэрээр ийнхүү халхавчлан намынхаа PR-ийг хийх нь хир оновчтой сонголт бол Т.Аюурсайхан дарга аа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн төлөвлөж, хэрэгжүүлж байгаа томоохон ажил болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийг мушгин гуйвуулж, газраа өндөр үнээр зарна гэж гүрийж байгаа хэсэг нөхөдтэй нийлж увайгүйгээр баллуурдах гэж оролдож буй хүн бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Хашаа байшингийн чинь оронд орон сууц бариад тухлаг орчинд амьдруулъя гэх боломж бидэнд хир олдох бол. Гэтэл Д.Сумъяабазар гишүүн гэр хорооллыг орон сууцжуулахын оронд хотоо нүүлгэе гэх хэзээ ч бүтэхгүй лоозон өргөж яваа сурагтай.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд эцэст нь “Хийж бүтээсэн ажилтай хүн шүүмжлүүлдэг учиртай” гэдэг үгийг дайя.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж