Монголын хямрал олон улсын асуудал болж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Монголын хямрал олон улсын асуудал болж эхэллээ

-Монгол Улс Хойд Солонгос ажилчдын эрхийг зөрчиж байна гэв-

Эдийн засгийн хямралын улмаас зарим аж ахуйн нэгжүүд хаалга бүрмөсөн барьж, зарим нь таатай цагийг хүлээн үйл ажиллагаагаа түр зогсоох нь ерлийн үзэгдэл болоод байгаа билээ. Тэсч байгаа зарим нь цалин мөнгөө өгөлгүй удаах нь түгээмэл явдал мэт болж, иргэд өр, авлагын гинжин хэлхээнд хэрэгдээд байгаа нь нууц биш. Тэгвэл монголчууд ч биш, Монголд хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын ажиллах хүч ч мөн ийм зовлон эдэлж байгаа нь олон улсын байгууллагынхны чихэнд хүрчээ.  

Монголд хөдөлмөр эрхэлж байгаа БНАСАУ-ын ажилчид маш хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна гэсэн мэдээллийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргажээ. Тус байгууллагын Азийг хариуцсан товчооны ахлах ажилтан Софи Фишер хэмээх эмэгтэй энэ мэдэгдлийг хийсэн байна. “Тэдний цалинг нь өгөхгүй удаан хугацаагаар ажиллуулж, цалингаа өгөхийг шаардсан ч биелүүлэхгүй байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. Олон улсын Хөдөлмөрийн Конвенцийн гишүүн Монгол улс, конвенцийн 29 дүгээр зүйлийг нэн даруй хангаж, гадны хөдөлмөр эрхлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг байгууллагын зүгээс шаардаж байна гэсэн утгатай мэдэгдлийг тэрбээр хийсэн байна. Хойд Солонгосын валютын нэг эх үүсвэр нь ажиллах хүч бөгөөд найрамдалт харилцаатай орнууддаа ажиллах хүч экспортлон жилд 1.3 тэрбум гаруй ам.доллар олдог юм. 

Ийнхүү Монголын асуудал дэлхийн асуудал болж эхэллээ. Жирийн ард иргэд ажил хөдөлмөр хийсэн ч амьдрал ахуй нь дээшлэхгүй, цалин мөнгөө авч чадахгүй зовж зүдэрч байхад төр засгийн удирдлагууд огтхон ч тоохгүй, УИХ, Засгийн газартайгаа хүч үзэж, хэн нь том төслийг явуулж нэр хүндээ дээшлүүлэх вэ гэсэн явцуу эрх ашигт хөтлөгдөж сууна. Ингэж өөх ч биш, булчихай ч биш байх хооронд үйлдвэрүүд хаалгаа барин дампуурч, олон мянган иргэд ажилгүй болж байна. Энэ утгагүй байдал сүүлдээ олон улсын хэмжээнд ч очих нөхцөл байдал ийнхүү үүслээ. 

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж