Баруун Африкт өнгөрсөн онд 11 мянга гаруй хүний амийг авсан Эбола вирусын халдвар бүрэн дарагдаагүй байна. Эбола вирусын халдвараар Гвиней, Сьерра-Леонед өнгөрсөн долоо хоногт 31 хүн шинээр өвчилснийг ДЭМБ мэдээлжээ. Эболагийн тархалт буурч байсан ч дахин нэмэгдсэн шалтгааныг тодруулахаар эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Эболагийн эсрэг яаралтай арга хэмжээ авах багийнхан халдварын тоо 0 болох хүртэл тайвширч болохгүй гэдгийг анхааруулжээ.
Либери улс өнгөрсөн тавдугаар сард Эбола вирусын халдвараас ангижирснаа зарласан юм. Гэвч хөрш Гвиней, Сьерра-Леоне улсаас халдвар дахин орж ирэх аюултай өндөр байна. Либерид Эбола вирусын улмаас 4000 гаруй хүн амь үрэгдсэн аж. Эбола вирусын цусархаг халууралт өвчин анх Гвинейн алс бөглүү тосгонд гарч, богино хугацаанд хөрш орнуудад хүрсэн билээ. Эбола вирусын халдвар Баруун Африкийн хэд хэдэн оронд тархаж, АНУ, Европын холбооны орнуудын цөөн тооны хүн өвчилсөн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN