17 сая төгрөгийг хуурамчаар үйлджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

17 сая төгрөгийг хуурамчаар үйлджээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэн бүлэг этгээдүүдийг шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт манай улсын иргэн У, Г нарыг шалгаж байгаа эхэлсэн бөгөөд сэжигтнүүд 17 сая төгргийг хуурамчаар үйлдвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

Мөрдөн байцаалтын явцад сүүлийн хоёроос гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Сэжигтнүүд  өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр тааруулж хувилаад, галограмм, дардас зэргийг саатай үзэг,  балаар бичдэг байсан. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байсныг тогтоосон” гэлээ.

Угтаа хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд, гэрэлд харахад хуурамч эсэх нь илэрхий атал иргэд санамсар болгоомжгүй хандсанаас ийнхүү хураамч мөнгө гурван жил гүйгээнд ашиглагдаж байсан гэнэ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд хандан гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Хуурамч мөнгийг хэрхэн таних вэ?

Ер нь том дэсвгэртийн мөнгөн тэмдэгтийг хуурамчаар  үйлдэх нь дийлэнх байдаг бөгөөд хувь хүмүүс голдуу гэртээ сканнер ашиглаж хийдэг гэнэ. Хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүй тухай мэргэжилтнүүд хэлж байна. Хувь хүмүүс, үйлчилгээний ажилтнууд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас хэрхэн таних зөвлөмжийг сонирхуулъя.

5000, 10000 төгрөгийн жинхэнэ мөнгөн дэвсгэрт нь дараах гол нууцлалын таних тэмдэгтэй. Үүнд:

  1. Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.
  2. Дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байдаг "Монгол Улс" гэсэн эвхмэл бичиг болон "5000", "10000" төгрөгийн нэрлэсэн үнийн тоо үл мэдэг товгор нь  хурууны өндөгт мэдрэгдэнэ.
  3. Дэвсгэртийн нүүрэн талын баруун хэсгийг гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны дүр бүхий усан хээ тодорно. /зөвхөн 1995 оны 5000 төгрөг, 10000-тад хамаарна/
  4. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхацна
  5. Дэвсгэртийг гэрлийн эсрэг барихад нууцлалын нарийхан утас харагдана. /зөвхөн 1995 оны 5.000-т, 10.000-тад хамаарна/
  6. Дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах нууцлалын металл утас, түүн дээр /MONGOLBANK/ гэсэн бичилт харагдана. /Зөвхөн 2002 оны 10.000-т болон 2003 оны 5.000-тад хамаарна/
  7. Дэвсгэртийн нүүрэн талд мөнгөлөг, металл суурь дээр байрлагдсан соёмбо үсэг болон 10.000 гэсэн нэрлэсэн үнэ солигдож харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-тад хамаарна/

20.000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагддаг байна. Ийм байвал жинхэнэ мөнгө гэсэн үг ажээ. Мөн

  • Холограмм дардас дотор Соёмбо, 20.000-тын тоо солонгорч үзэгдэнэ
  • Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг
  • Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана
  • Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ
  • Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана
  • 10.000 төгрөгний Чингис хааны хөргийг усан хээгээр бүтээсэн байдаг
  • Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ
  • Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн
  • Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн ажээ.

Ийнхүү хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэй. Хэрэв хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэх бөгөөд хуурамчаар үйлдсэн этгээдийг хуулийн дагуу хорих хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг дахин сануулъя.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж