Хэнтий аймагт гэмт хэргийн тоо буурчээ
Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийнхэн болон Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиуны хамтаар 2015 оны 6 дугаар сарын 03-наас 09-ний өдрүүдэд зүүн аймгуудад ажиллах томилолт өвөртлөн Хэнтий, Дорнод аймгийг зорьлоо. Зургадугаар сар гарчихсан гэхэд Монголд сэвэлзүүр салхитай, сэрүүхэн өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн хавар хээрийн түймэрт өртсөн газрууд андашгүй бөгөөд өвс халиуран ногоорч газрын шарх аньжээ. Өвлийн хүйтэн, хаврын түймэрт өлдөж, ядарсан хүн малын зоо одоо л тэнийх аястай.
Бид эхлээд Хэрлэн голын эрэг, хээр талын дунд орших Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвд байх Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх, Сум дундын 28 дугаар шүүхэд аяны дөрөө мулталлаа. Тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар биднийг угтан авч, шүүхийнхээ талаар болон орон нутгийнхаа зарим онцлогийг танилцуулсан юм.
Төв магистрал зам дагуу байрладаг, улсын хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай гэдэг утгаараа малын хулгайн хэрэг их гардаг байна. Тиймээс ч тус аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн тусгай тасаг хүртэл байдаг аж.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн нэлээд хувийг ч энэ төрлийн хэрэг маргаан эзэлдэг гэнэ. Шүүхийн ажлын ачааллын хувьд улсын дундаж төвшинд буюу жилд эрүүгийн 170 орчим, иргэний 500-600 хэрэг шийдвэрлэдэг гэлээ. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус аймагт гэмт хэргийн тоо харьцангуй буурчээ. Сум дундын 28 дугаар шүүх он гарсаар 6 шүүгчтэй ажиллаж байгаа учраас ажлын ачаалал харьцангуй буурсан гэж тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга хэлж байв.
"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн санаа бодлыг сонсох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд гүүр болон ажиллахад чухал үүрэгтэй орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй бид эхлээд уулзав.
Энэхүү уулзалтад "Хэнтий” радио, "Хэнтий” телевиз, "Хэнтийн мэдээ” сонин, "Өндөрхаан” телевизийн сэтгүүлчид ирсэн байлаа. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн төдийгүй шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хийсэн мониторинг, Шүүх байгуулах тухай хуульд оруулахаар тусгасан өөрчлөлтийн талаар болон дагнасан шүүх байгуулахын давуу талын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон зарим асуултад хариулсан юм. Тухайлбал "Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалаг "Ер нь орон нутагт хууль сурталчлах чиглэлээр шүүхийн тамгын газруудад төсөв хэрхэн хуваарилдаг болохыг тодруулж байв. Шүүхийн тамгын газраас хууль сурталчлахад төсөв хүрэлцдэггүй тул аль болох зардал багатай ажиллахыг хичээдэг гэлээ. Гэхдээ төсөв бага гээд гар хумхиж суулгүй, хууль сурталчлахад санаачлага гарган ажилладаг байна. Тиймээс ч саяхан Өндөрхаан телевизтэй хамтарч, хүүхдүүдэд гэмт хэргийн тухай хууль сурталчилсан жүжигчилсэн тоглолт хийсэн нь олны талархал хүлээжээ. Энэхүү уулзалтын үеэр орон нутгийн сэтгүүлчид шүүхийн шинэтгэлийн ачаар шүүх ил тод, нээлттэй болсонд талархаж явдгаа илэрхийлж, шүүхээс мэдээлэл авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл учирдаггүй гэж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралдаа орон нутгийн сэтгүүлчдийг онлайнаар оролцож байхыг урив. Хэнтийн шүүхийн Тамгын газрын хувьд ч орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авдаг байна.
Энэхүү уулзалтын дараа Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа шүүгч болон захиргааны ажилтнуудтай тусгайлан уулзаж, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хэрхэн харилцах талаар болон олон нийтэд үнэн бодит мэдээллийг хэрхэн хүргэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга "Шүүхийн захиргааны байгууллага тусдаа бие даасан. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл ийм Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс байгаагүй. Энэ хэлтэс маань шүүхийн Тамгын газрыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Урьд нь бид олон нийтэд юуг хэлж болох, юуг болохгүйг мэдэхгүй, хэвлэлтэй хэрхэн харилцах учраа сайн олдоггүй байсан. Ийм байдлыг халсан нь үр дүнд хүрч байна. Энэ хэлтсийнхнээр дамжуулж, шүүгч шүүхийн шинэтгэлийн тулгамдсан асуудалд олны анхаарлыг хандуулаад зогсохгүй, олон нийтийн санал бодлыг сонсдог болсондоо талархаж байна” гэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун орон нутаг дахь шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзах үеэр, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулахын зэрэгцээ хамтын ажиллагаатай орнуудад зохион байгуулагдах сургалтын хуваарийг танилцуулсан юм. Мөн шүүгч, ажилтнуудад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зөвлөж байлаа. Учир нь гадаад сургалтын чиглэлээр хамтарч ажилладаг зарим орнууд англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг гэлээ. Шүүгч нарын хувьд гадаад сургалтад хамрагдах хүсэлтэй байдгаа илэрхийлж, энэ чиглэлээр мэдээлэл хийсэнд талархаж байв.
Саяхан тус шүүхээр үйлчлүүлсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын IVдүгээр иргэн С.Шагдарсүрэн, V дугаар багийн иргэн Ю.Жаргалсайхан нар шүүхийн шинэтгэлийн талаар талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэд хэрэг маргааныг нь үнэн зөвөөр хуулийн дагуу, хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн шүүхийнхэнд баярлалаа гэж хэлэхийг хүсчээ. Мөн Хэрлэн сумын II дугаар багаас сонгогдож шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр ажилласан Б.Ариунаа гэх цэцэрлэгийн багш бүсгүй шүүх хуралдаанд оролцож тангараг өргөх үеэрээ Монгол Улсын иргэн гэдгээрээ эрхгүй бахархаж байлаа, энэ мэдрэмж юу юунаас илүү үнэ цэнэтэй юм гэж байв.
Дорнодчууд шүүхийн шинэтгэлд талархаж байна
Бид цааш Дорнодыг зорьлоо. Дорнын их тал тэнгэрийн хаяатай уусан үзэгдэх нь өндөр уулсын дунд өссөн хангайн хүнд бол соньхон. Хаашаа л харна зах хязгааргүй мэт алсад цэлийх тал үүлэнд тултал үргэлжилсэн мэт. Замын хойд хэсэг нов ногоон зүлэгтэй бол төв замаас урагш шав шаргал харагдана. Эндээс хээрийн түймэрт шатсан хэсгийг төвөггүй ялгаж болохоор. Түймэр төв замд тулаад зогссон бололтой. Төв зам талыг хоёр өөр өнгөөр ялган тусгаарлаж, уртаас урт шугам шиг зурайна. Бороо ганц нэг дусалж, салхи хаа нэгтээ сэвэлзэнэ. Зуны эхэн сар юм гэсэндээ үе үе нар сүрхий шарна. Дорнод аймаг хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай тус тус хиллэдэг. Дорнод аймгийн төв Хэрлэн сум Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км алсад орших бөгөөд хойт талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгджээ. Энд Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүх нэг байранд байрлаж, дундаа нэг тамгын газартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Биднийг Дорнод аймаг дахь шүүхүүдийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мөнхсайхан угтан авч үйл ажиллагаагаа танилцууллаа.
Сум дундын 10 дугаар шүүхийн хувьд шүүгчийн орон тоо 12 гэж батлагдсан боловч одоогийн байдлаар 9 шүүгчтэй ажиллаж байгаа бөгөөд Дорнод аймгийн 75 мянган хүн амд үйлчилдэг гэдэг утгаараа ажлын ачааллын хувьд нийслэлийн шүүхийн дараагаар буюу ачаалал өндөртэйд ордог байна. 2014 оны байдлаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх 80 хэрэг, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх 60 хэрэг, Сум дундын 10 дугаар шүүхийн хувьд Эрүүгийн 221 хэрэг, иргэний 1200 хэрэг, 380 зөрчил, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх 26 хэрэг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Б.Туяамандах анхан шатны шүүхийн өргөдөл гомдол хүлээн авахын зэрэгцээ олон нийттэй харилцах ажлаа давхар хариуцдаг учраас ачаалалтай ажилладаг аж. Тиймээс ч олон нийттэй харилцах ажилтны орон тоотой болох хүсэлтээ Ц.Мөнхсайхан даргын зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудад илэрхийлсэн гэлээ. Дараа нь бид орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалдсан юм. Дорнод аймгийн хэмжээнд 6 телевиз, 3 сонин, FM радио, сайт үйл ажиллагаа явуулдаг байна.
Шүүхийн тамгын газрын тухайд хоёр телевиз болон нэг сонинтой гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа аж. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа орон нутгийн сэтгүүлчдэд "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн талаар болон "Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” мониторингийн судалгааны талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн шүүхийн шинэтгэлийн явц, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс болон бусад хөндлөнгийн судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилж байна. Тухайлбал 2014 онд шүүхэд итгэх иргэдийн итгэлийн үзүүлэлт 58,3 хувьтай байсан бол 2015 онд иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн судалгааны дүн гарсан талаар мэдээллээ.
Энэ удаагийн томилолтын ажлын нэг онцлог нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, шүүхийн шинэтгэлийн талаар сүүлийн үед олны анхаарал татсан асуудал бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, яриа өрнүүлсэнд сэтгүүлчид талархаж, иймэрхүү уулзалт, яриа хэлэлцүүлгийг дахин дахин хийхийг хүсч байлаа. Орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчид тодорхой төрлөөр нарийн мэргэшээгүй тул шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаар олон нийтэд хүргэх дадлага туршлага дутуу байгаагаа учирлаж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” бэлтгэх сургалтад Дорнодын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ ч илэрхийлээд амжив.
Үүний дараа тус шүүхүүдийн нийт шүүгч нар болон захиргааны ажилтнуудтай уулзаж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шүүгч нарын зүгээс тамгын газар, мэдээлэл лавлагааны ажилтантай хэрхэн хамтарч ажиллах, юун дээр анхаарах ёстой талаар арга зүйн зөвлөгөө өгөв. Ялангуяа олны анхаарлыг татсан хэрэг маргааныг шийдвэрлэсэн үндэслэлээ Тамгын газрын дарга болон хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтанд сайн тайлбарлаж, хэлж өгөх шаардлагатай, ийнхүү тайлбарлаагүйгээс шүүхийн шийдвэрийн талаар ташаа мэдээлэл хэвлэлээр гарах магадлалтай байдаг талаар шүүгч нарт зөвлөсөн юм.
Дорнод аймгийн иргэн Х.Заманбек, Г.Болортуяа нар шүүхийн шинэтгэлийн талаар талархсан сэтгэгдлээ илэрхийлэхээр бидэнд хандсан бол Иргэдийн төлөөлөгч Х.Цэвэгсүрэн, Д.Баяраа нарын хувьд хэрэг маргааныг шийдвэрлэх явцад иргэдийг төлөөлөн хяналт тавьжээ. Тэд шүүхийн ил тод нээлттэй байдалд талархсан сэтгэгдлээ харамгүй илэрхийлж байлаа. Орон нутгийн сэтгүүлчид ч Шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг илт мэдэрч, шүүхийн бүхий л талын мэдээллийг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй авч чаддаг болсондоо талархал илэрхийлж байсан юм. Эх орны зүүн хязгаар болсон Дорнын талд зуншлага сайхан, дорнодчууд шүүхийн шинэтгэлд ам сайтай байна. "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд зохион байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу хөдөө, орон нутгийн шүүхүүдэд ажиллах томилолт шүүхэд талархсан иргэдийн сэтгэгдлээр ганзага дүүрэн байлаа.
Г.БУЯНХИШИГ