НҮБ-ын Хүн амын сан, БСШУЯ болон “Амжилтын хүрд” ТББ-аас хамтран “Ирээдүй-бидний нүдээр” нийтлэлийн уралдааныг нийт өсвөр үеийн охидын дунд зарлажээ. Энэхүү уралдаан нь “Өсвөр үеийнхэн, залуучуудад амьдрах ухааны боловсрол олгоход чиглэсэн сургалт, охидын амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол, ялангуяа бэлгийн цогц боловсролын чиглэлээрх ойлголтыг нэмэгдүүлж, эдгээр асуудлаар дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд болж буй юм. Уралдааны зорилго нь өсвөр үеийн охидод тулгамдаж буй хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бэлгийн боловсролын талаарх тэдний үзэл бодлыг нээн харуулах, энэхүү дуу хоолойг олон нийтэд хүргэхэд чиглэжээ. Уралдаанд тавьж буй шаардлага нь баримтад тулгуурласан, уралдааны зорилгод нийцэхүйц өөрт тохиолдсон, түүнээс авсан сургамж, олон нийт, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, хүрч болохуйц санамж, ухаарал бүхий бодит түүх болон зохион бичлэгийн аль нэг төрөл нь байх ёстой аж. Дашрамд дуулгахад, уралдааны хамрах хүрээ нь 11-19 насны хооронд байх юм. Мөн уралдаанд оролцогчдын материалыг энэ сарын 23-н хүртэл www.amjilthurdTBB@gmail.com гэсэн хаягаар хүлээн авах юм байна.
Г.НАРАН