Үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардан нийтийн тээврийнхэн өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхлэн ажил хаясан. Жолооч, кондукторууд ажлаа ч хийхгүй бусдыгаа ч ажиллуулахгүй гэж 14 хоногийн турш байгууллагынхаа үүдийг таглаж, автобусныхаа дор орж хэвтээд ч амжилт олсонгүй. Учир нь үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлж 880 мянган төгрөг болгох шаардлагыг нь нийслэлийн удирдлагууд, ажил олгогчид ч хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ тэдэнд өгөх илүүдээ гарсан 5.8 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт байхгүй хойно яах ч билээ.
“Жолооч, кондукторуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлж кондукторын үндсэн цалин 437, жолоочийнх 556 мянган төгрөг болсон. Ингээд илүү цаг, урамшууллын мөнгө гээд нэг ажилчин нэг сая орчим төгрөгийн цалин авна. Цалинг 25 хувиар нэмэх шийдвэр, тохироо угаас яригдаж байсан. Ажил хаялаа гэж айгаад нэмчихсэн асуудал биш. Харин ажилчид л энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй цалингаа нэг дахин нэмэгдүүлнэ гээд ажил хаялт зарлаж хэдэн хүний аманд багтаснаас ийнхүү асуудал үүссэн” гэж байгууллагын удирдлагууд мэдэгдэж байгаа юм.
Мөн ийнхүү ажил хаяснаас үүдэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-т нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. “Манайх орлогоороо санхүүждэг байгууллага. Гэтэл жолооч, кондукторууд ажил хаяснаас болоод шугамнаас олох 740 сая, нөхөн олговроос олох 650 сая төгрөг байгууллагад орж ирээгүй. Ингээд нийт 1.3 тэрбумын хохирол хүлээгээд байна. Энэхүү хохирлыг эцсийн эцэст хэн ч барагдуулахгүй, байгууллага л хохироод үлдэж байна шүү дээ” гэж “Автобус 1” компанийн дарга С.Ононбаяр учирлаж байна.
Харин ажил хаялтад оролцолгүй, ажлаа хийе гэж байсан жолооч, кондукторууд 14 хоногийн цалингаа ажил хаялтыг зохион байгуулсан гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэхэмжилж шүүхэд хандахаар төлөвлөж эхэлжээ. Одоогоор ажилчдын хохирлыг тооцож, өргөдлийг цуглуулж байгаа аж.
850 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөгийн цалинтай гэгддэг нийтийн тээврийнхэн ийнхүү ажил хаялт зарлалаа гээд ямар ашиг олов. Хариулт нь, нийслэлчүүд ч явгарсангүй, харин 14 хоногийн цалингаа алдаж, байгууллагадаа 1.3 тэрбумын хохирол учруулж, эцэстээ шүүхийн хаалга татах нь тодорхой боллоо.
“Ажил хаялт зарласных нь тоолонд цалинг нь нэмээд шаардлагыг нь биелүүлнэ гэж байхгүй. Эдийн засаг хямарсан энэ үед хүн бүхэн л цалингаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Тэр болгонд ажлаа хийхгүй гэж гэдийж ажлаа хаяж, суулт зарлаад байвал улс орон маань хэрхэн хөгжиж, хөл дээрээ тогтох билээ” гэж үзэл бодлоо илэрхийлэх иргэд цөөнгүй байна.
Ямартай ч ажил хаялт болгон амжилт олдоггүй, шударга үнэн эцэстээ ялдаг гэдгийг нийтийн тээврийнхэний ажил хаялт харууллаа.
Д.ЖАРГАЛ