Монголын шагайн харваан холбооны 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн шагайн төв асарт болж байна. Хот, хөдөөгийн 80 гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж буй тус тэмцээний эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртдэг. Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр цуваа харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр багийн харваа үргэлжлэх юм. Багийн болон цуваа харвааны дүн ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 14-ний өдөр тодорно.
Манай улс уламжлалт шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан. Улмаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны есдүгээр хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол Улсаас нэр дэвшүүлсэн шагайн харвааг “Хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-д бүртгэн авсан билээ. Бүртгэн авсан батламжийг гардуулах арга хэмжээ өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон юм.
Тиймээс энэ жилийн хувьд дэлхийн соёлын өвд монгол шагайн харваа бүртгүүлсэн түүхэн үйл явдал болсон онцгой жил болж байна. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн улсын их баярын наадмын өмнө болж байгаагаараа ихээхэн онцлогтой олж байна.
Ч.БОЛОР