“Чингис хаан” гранпри эхлэхэд 20 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” гранпри эхлэхэд 20 хоног үлдлээ

-Одоогоор жүдо бөх өндөр төвшинд хөгжсөн Япон, ОХУ, Их Британи, Гүрж, Франц зэрэг 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ-

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингис хаан” гранпри тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох билээ. “Буянт-Ухаа” спортын ордонд ердөө 20 хоногийн дараа эхлэх тус тэмцээний бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой болох гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо нэмж авах юм.

Өнгөрсөн жилээс эхлэн Гранпри ангилалд багтсан “Чингис хаан” Гранпри тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах боломжтой.

Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан бэлтгэлийг хийлээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн медальт Жемми Гиббонс, 2012 оны Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн 66 кг-д эчнээ танил Колан Оатес болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн 18 жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирсэн юм. Мөн манай улсын жүдочид Япон улсад хамтарсан бэлтгэлийг хийж байна. 20-иод хоногийн дараа эхлэх “Чингис хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг харна гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж