Хотын бодлого ногоон байгууламж байх болно

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хотын бодлого ногоон байгууламж байх болно

“Улаанбаатар хотын бодлого ногоон байгууламж байх ёстой. Хэрвээ бидэнд төсвийн эрх мэдэл байдагсан бол нийт төсвийнхөө 70 хувийг ногоон байгууламжинд зориулмаар байна. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Энэ жилийн хувьд өөрт оногдсон 79 тэрбум төгрөгнийхөө 9 тэрбумыг ногоон байгууламжтай болгохын тулд 9 дүүрэгтээ хуваарилсан. Цаашид ч дүүргүүдийн давсан төсвийг хот авахгүй. Тэрхүү хөрөнгөө ногоон байгууламждаа зарцуулаарай. Ингэж байж бид хотоо ногооруулна”.

Нийслэл хотын хувьд тулгамдсан асуудал болох дээрхи асуудалд хотын дарга ийм байр суурь баримталж буйгаа онцолсон удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр болов. Уламжлал ёсоор харьяа газрын дарга нараас өнгөрсөн 21 хоногт хийсэн ажлынх тайланг сонслоо.

Ш.Наран НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга

Хотын удирдах ажилтны өмнөх шуурхай хуралдаан дээр хотын даргаас өгсөн үүрэг чиглэлүүдээс 3 асуудлыг онцлон ярья. Ерөнхийдөө бүх ажил жигд явж байна. Өнгөрсөн 5 сард төр хувийн хэвшлийн түншлэл зөвлөлдөх уулзалтыг хот зохион байгуулсан. Энэ уулзалтаас гарсан санал санаачлагыг гартаа авах үүднээс 1-р орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Концессын хуулийг хэрхэн зөв эхлүүлэх вэ гэдэг үүднээс хэд хэдэн уулзалт арга хэмжээ зохион байгуулав. Энэ онд Нийслэлийн Засаг дарга 12 яамтай хамтарч ажиллана. Хамтын ажиллагааны санамж бичгээ тодорхой болгосон. Туул гол 1 коллекторыг ашиглалтанд оруулах талаар анхаарч ажиллалаа. 2007 онд эхэлсэн энэхүү ажил хуваарь ёсоор энэ намар дуусаж ашиглалтанд өгөх ёстой. Гэвч гүйцэтгэгч тал болох Бридж группын үйл ажиллагаанаас цаг хугацаандаа хүлээн авах боломжгүй байна.

Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явагддаг автын үзлэг 6 дугаар сарын 1 нд дууссан. Энэ ажлыг нийслэлийн татвар, дүүргүүд сайтар зохион байгуулснаар замын санд 8,3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Ингэснээр Улаанбаатар хотод хийгдэж буй замын засвар өргөтгөл шинэчлэлийн ажил саадгүй явах боломж бүрдлээ. Гэр хорооллын орчны цэвэрлэгээ, тохижилтын ажил бидний хийхээр зорьсон гол ажил байв. Улаанбаатар хот 152 хороотой. Үүнээс 103 хороо нь гэр хороололд бий. Гэр хорооллын хувьд хур хогноосоо салж чадсан. Нийслэлээс 140 сая төгрөг зарцуулж 82500 куб метр хог цэвэрлэлээ. Тохижилтын ажлын тухайд хашааг жигдэлж будах, хаяг дугаар шинэчлэх, гудамж талбайг гэрэлтэй болгох ажил хийгдэж эхэлсэн. Эдгээр ажлыг НААСТөсөл болон Тогтвортой амьжиргаа 2 төсөлтэй хамтран хэрэгжүүлэх юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж ажиллав. Тухайлбал хур хог цэвэрлэх ажилд ажилгүй иргэдийг хамруулсан. Хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 27 мянган ажилгүй иргэнийг байнгын ажлын байртай болгох арга замыг хайж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд шатахуунтай холбоотой асуудал ундарлаа. Хот хэрэгцээтэй шатахууны хуваариа холбогдох газруудад өгснөөр гал алдсангүй. Гэхдээ нийтийн тээвэрт 30 хувийн хязгаарлалт хийлээ. Замын компаниуд хэрэгцээт шатахуунаа өндөр үнээр авснаар алдагдалд ороход хүрсэн. Шатахууны нийлүүлэлт энэ 7 хоногоос хэвийн болно. Ингэснээр ажил жигдэрнэ.

Ц. Болдсайхан НЗДТГ-ын дарга

Энэ жил гарснаас хойш нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал 5 удаа хуралдаж 24 асуудал хэлэлцлээ. Энэ онд ЗД-ын зөвлөлийн хурлыг цаасгүй технологид шилжүүлж хэлэлцэх асуудлыг цахим шуудангаар хүргүүлж байна. Асуудал хэлэлцүүлэх байгуулагууд саналаа зөвлөлийн хурал болохоос 3 хоногийн өмнө Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлж байхыг анхааруулья. Төрийн албаны зөвлөлд нийслэлийн төр захиргааны байгуулагад ажиллах ажлын байран дээр 1300 иргэн бүртгүүлснээс 1024 иргэн шалгалтанд тэнцлээ. Энэ тоо иргэд төрийн албанд ажиллах сонирхол ихтэй байгааг харуулж байна. Тэгэхээр төрийн албанд ажиллагсад эрхэлж буй ажилдаа эзэн байх ёстой. Одоо сар гарангийн дараа улсын баяр наадам болно. Энэ жил 4 ой давхцсан том баяр болно. Яамдууд хотын дүүрэг бүртэй хамтарч 7 дугаар сарын 1 нээс тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулна. Энэ ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг хүсье гэв. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр дүүргүүд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгээд эрх шилжсэн ажлуудынхаа явц байдлын талаар мэдээлэл өгч эхэлсэн. Энэ удаад Баянгол дүүргийн Засаг дарга Л. Амгалан ажлаа танилцуулав. Баянгол дүүрэгт 55,7 тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм байна. Улсын төсвөөр 44,8, нийслэлийн төсвөөр 7,4, дүүргээс 686,8 сая төгрөгийн ажил хийгдэхээс зураг төсөл гарч тендер зарлагджээ. Энэ мэдээллийн дараа НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд албан бичгийн хөтлөлт, стандартын талаар мэдээлэв. Эхний 5 сарын байдлаар 1506 албан бичиг ирснээс 807 бичгийг хугацаанд нь хариу өгүүлжээ. Улаанбаатар хотод хийгдэж буй зам засварын ажлын талаар Авто замын газрын дарга Д.Од мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар хотод 3 цэгт зам хаасан байгаа юм байна. Зүүн талдаа Шар хадны Эрдэнэтолгойн замыг хаажээ. Тэнд 200 метр газарт хөрсний устай. Хөрсний ус 20 см ухахад ил гарч байгаа болохоор шүүрүүлэх аргаар уг асуудлыг шийднэ. Энэхүү ажлын улмаас зам хаах арга хэмжээ 3 өдрөөр саатаж байна гэлээ. Бага тойруу буюу СУИС-аас Зоос гоёл хүртэлхи замын ажил энэ 7 хоногт үргэлжилж 11 нд замыг нээх боломжтой. Хотын баруун талд Энхтайвны өргөн чөлөө төмөр замын 396-р гарам хаалттай байгаа. 2 эгнээ байсан уг замыг 6 эгнээтэй болгон өргөтгөж байна. 22-ийн товчоо чиглэлд 5 хоолой байгуулах ажил бий. Энэ ажлыг наадмын өмнө дуусгана. Улаанбаатарт өрнөж буй зам засварын ажилд 29 компани оролцож байгаа гэсэн мэдээг тэрбээр өгөв. Урин цаг ирж хүүхдийн зуслангууд үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Энэ тухай мэдээг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М. Отгонбаяр танилцууллаа. Бага насны хүүхдүүдийг 90-100 мянган төгрөгөөр, дунд болон ахлах ангийн хүүхдүүдийг 100-110 мянган төгрөгт багтаан амраах талаар зуслангийн удирдлагуудтай ярилцжээ. Зуслангийн бэлтгэл ажил ямархуу түвшинд явааг шалгаж үзсэн байна. 6 зуслан хэрэглээний усны шинжилгээ өгч, хариу нь гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхжээ. Хотын зүгээс амьжиргааны түвшин доогуур өрх айлуудын хүүхдүүдийг зусланд амрааж эхэлсэн. Хотын даргын санаачилсан энэхүү ажил энэ жил ч үргэлжилнэ. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 12 сая төгрөг гаргаж, түүнчлэн ОСНААГазар өөрсдийн боломжоор 4 сая төгрөг хандивлажээ. Нийслэлийн бусад байгуулагууд хүүхдийн төлөө энэ ажилд нэгдэхийг тэрбээр уриалав. Ажилгүй байгаа иргэддээ ядаж ногоо тарьж амьжиргаандаа нэмэр болох арга замыг нийслэлээс олгож байгаа юм. Энэ хүрээнд салбарын яамтай хамтран Тарвагатайн аманд хүнсний ногоо тарих газар олгосон. Өнөөдрийн байдлаар 5 худаг ашиглалтанд орж өнгөрсөн амралтын өдрүүд иргэд ногоогоо тарьжээ. Ногоо тарих ажилд хамрагдсан 800 иргэнийг хэсгийн ахлагч нарын мэдээлэлд үндэслэн сонгожээ. Иргэдийг 20, 20 –оор бүлгийн зохион байгуулалтанд оруулсан байна. Намар гэхэд тэд хийсэн ажлынхаа үр дүнг үзнэ. Хотод тулгамдсан гол асуудлын толгойд агаарын бохирдол утаа ордог. Нийслэлийн агаарын чанарын алба хийж буй ажлаа шуурхай дээр мэдээллээ. Түүхий нүүрс түлэхгүй байх Баянгол дүүргийн хязгаарлалтыг бүсэд мөрдөх журмыг баталсны дээр боловсруулсан түлш үйлдвэрлэдэг 10 үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Эхнээсээ Түнхэл дэх үйлдвэрээс 200 мянган тонн түлш орж ирсэн байна. Одоо эдгээр түлшээ хадгалах агуулах савны асуудал гарч ирж байна гэв. Ирэх жил үртсэн шахмал түлшийг 90 мянга, хагас коксон түлшийг 80 мянган төгрөгөөр борлуулна. Уг нь үртсэн түлш 120 мянга, хагас кокс 150 мянган төгрөгийн үнэтэй ч иргэдэд дээрхи мөнгөөр борлуулж зөрүүг Цэвэр агаар сангаас үйлдвэрүүдэд татаас байдлаар өгөх аж. Энэ жилээс хэсгийн ахлагч нар утааны байцаагчийн ажлыг давхар хийх юм. Тэд сардаа 50 мянган төгрөгийн цалин авч хэнийх түүхий нүүрс түлээд байгааг хянаж торгууль тавих юм. Энэ бүхний үр дүнд хотын утаа өмнөх жилээс 30 хувь буурвал зорьсон ажлын үр дүн гарар билээ. Энэ мэдээллийг сонсоод Хотын дарга Г. Мөнхбаяр нэг зүйлийг онцлов. Энэ зун хотын орлогч Д. Ганболд , агаарын чанарын албаныхан болон миний бие амрахгүй. Өвдөж зовох, амрах тухай санах ч хэрэггүй. Ингэж ажиллаж байж утаатай тэмцэнэ. Ирэх өвөл хүйтний ид оргил үед бүүдийсэн утаа биш, бага ч гэсэн нарны туяа тусаж тэнгэрийн өнгө харагдаж байх ёстой. Түүнчлэн Улаанбаатар хотын бодлого ногоон байгууламж байх ёстой. Хэрвээ бидэнд төсвийн эрх мэдэл байдагсан бол нийт төсвийнхөө 70 хувийг ногоон байгууламжинд зориулмаар байна. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Энэ жилийн хувьд өөрт оногдсон 79 тэрбум төгрөгнийхөө 9 тэрбумыг ногоон байгууламжтай болгохын тулд 9 дүүрэгтээ хуваарилсан. Цаашид ч дүүргүүдийн давсан төсвийг хот авахгүй. Тэрхүү хөрөнгөө ногоон байгууламждаа зарцуулаарай. Ингэж байж бид хотоо ногооруулна. Хотод хийгдэж буй бас нэг чухал ажил үерийн хамгаалалтын далан. Маш сайн чанартай үерийн далантай болох ёстой. Энэ ажилд бүгд хамтарч хариуцлагатай ажиллах учиртай. Өнгөрсөн 4,5 дугаар сард хотын удирдлагууд гэр хороололд анхаарлаа хандуулж ажилласан. Энэ ажлынхаа эрч хүчийг сулруулж болохгүй. Ер нь ажил хариуцсан хүмүүс гадуур ажилла. Ингэснээр хөрөнгө мөнгө хэмнэж, ажлын чанарт өөрчлөлт орж байна шүү дээ. Иргэд ч та бидний хийсэн ажилд сэтгэл ханамжтай байна гэснээр ээлжит шуурхай өндөрлөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж