Сар бүр болдог нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн хямрал, цалин тэтгэвэр цагтаа буухгүй байгаа зэрэг олон бэрхшээл үүсээд буй энэ үед улсын хэмжээнд цалингийн асуудал ямар байгааг онцлон тэмдэглэв. Статистикийн газраас нийгмийн даатгал төлөгчдийн хувиар тооцон, цалингийн дундаж тооцоог хийжээ. Үүнээс үзэхэд, улсын хэмжээнд цалингийн дундаж 850 мянган төгрөг байгаа аж.
Цалингийн дундаж хэмжээг,
Хүйсээр ангилбал:
- Эр – 920 000 төгрөг
- Эм – 780 000 төгрөг
Салбараар ангилбал:
- Уул уурхайн салбар ажилтан – 1 700 000 төгрөг
- Менежер – 1 600 000 төгрөг
- Зочид буудал, зоогийн газар, орон сууц аж ахуйн салбар – 700 000 төгрөг
- Ой, загас агнуурын салбар 400 000 төгрөг
Хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй харьцуулбал:
- 500 000 -700 000 төгрөгийн цалинтай – 21 хувь
- 300 000 – 500 000 төгрөгийн цалинтай – 18.4 хувь
- 192 000 – 300 000 төгрөгийн цалинтай – 10.7 хувь
- 1 500 000 – 1 600 000 төгрөгийн цалинтай – 9 хувь
- Хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авдаг хүмүүс– 5.3 хувийг эзэлж байна.
Импортын хэмжээ буурчээ
Монгол Улс он гарсаар дэлхийн 122 оронтой 3316 сая ам.долларын барааны эргэлт хийжээ. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортын хэмжээ 2.7 хувиар буурсан байна. Харин импортын хэмжээ 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ингэснээр гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 422 сая ам.долларын ашигтай гарчээ.
Эдийн засгийн хямралаас үүдэн төмөр зам болон авто тээвэр, агаарын тээвэрлэлт буурсан хэмээн сүүлийн үед мэдээлсэн. Тэгвэл статистикийн мэдээллээр батлагджээ. Тодруулбал, төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оноос 5.6 хувиар буурсан байна. Харин зорчигчдын тоо 15 хувиар буурчээ.
Агаарын тээврийн хувьд ч бууралт ажиглагдсан юм. Ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 22.7 хувиар, харин зорчигчдын тоо 14 хувиар буурсан аж.
Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ
Энэ удаад чанаргүй зээлийн хэмжээ өссөн дүн гарсан байна. Оны эхний таван сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 738 тэрбум төгрөг болсон. Энэ нь өмнөх оноос 19 хувиар өссөн байх юм. Он гарсаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 600 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 57 хувиар өссөн дүр зураг юм.
Махны үнэ тогтвортой байна
Махны үнэ сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байна хэмээн өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ер нь өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хоёр саруудад тогтвортой байгаа аж. Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ. Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Эдгээр бага зэргийн өсөлтийг дагаад инфляцийн төвшин ч өмнөх сараас 0.4 хувиар нэмэгдсэн. Харин инфляцийн төвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад найман хувиар өссөн мэдээ байна.
Б.ЗАЯА