Олон улсын агаарын тээврийн холбоо (Iata) түлшний үнийн өсөлтөөс үүдэн агаарын тээврийн салбарын ашиг орлого буурна гэж таамаглаж байна. Тус холбооноос мэдэгдэж буйгаар түлшний үнэ цаашид энэ хэвээр өссөөр байвал олон улсын агаарын тээврийн ашиг дөрвөн тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй байх гэнэ. 2010 онд олон улсын агаарын тээврийн компаниуд 18 тэрбумын ашиг орлого олсон ажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс харахад агаарын тээврийн салбарын ашиг энэ онд 8.6 тэрбум ам.доллараар буурах хандлагатай байгаа гэнэ. Ойрхи Дорнодын улс төрийн хямралаас үүдэлтэй газрын тосны үнийн хөөрөгдөл энэ салбарын ашиг орлогод нөлөөлж буй гол хүчин зүйл болоод байна.
"Өнгөрсөн жил агаарын тээврийн компаниуд түлшинд 136 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол энэ жил энэ зардал 30 гаруй тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа нь хамгийн их санаа зовох зүйл болоод байна” гэж Олон улсын агаарын тээврийн холбооны тэргүүн Жованни Бизиньяни “BBC”-д мэдээлсэн байна.
Н.Энх