АТГ-ынханд хэн үүрэг өгөв?

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

АТГ-ынханд хэн үүрэг өгөв?

-ИХШХГ-ын дарга Б.Пүрэвдоржийг хэлтсийн гурван даргын хамтаар машиндаа суулган авч явсан ч гэнэт “Цагдан хорьж хэрэггүй” гэх даалгавар дээрээс ирсэн тул АТГ-ын байцаагчид тэднийг сулласан байна-

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан гэх хэрэгт төрийн өмчит компанийн удирдлагууд болох хоёр Пүрэвдоржийг шалгаж эхэлсэн юм.

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтээр татан шалгаж, өчигдөр /06.10/ тус байгууллагын санхүүгийн тайлан тооцоо, архивын баримт бичигт нэгжлэг хийн мөрдөн байцаалтад хэрэгтэй гэх эд мөрийн баримтуудыг АТГ-ын мөрдөн байцаагчид битүүмжилсэн гэдгээ  АТГ тайлбарлав. АТГ-аас өчигдөр /06.10/ хийсэн тайлбарт “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэргийг энэ сарын 9-ны өдөр үүсгэсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл Б.Пүрэвдоржийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж хууль бус шийдвэр гарган үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ хэрэгт ИХШХГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийг Б.Пүрэвдоржийн хамсаатан гэж үзэн сэжигтнээр татсан байна.

Гадаадын бизнесменүүдийг эх орондоо орогнуулж байсан уу?

“Б.Пүрэвдорж дарга  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгтэй нарийн нягт холбоо сүлбээтэй. Нийлж байгууллагын мөнгөнөөс багагүй “цохьдог” байх гэж манайхан жиг жуг хийдэг” гэж тус байгууллагын нэрээ нууцлахыг гуйсан ажилтан хэлэв.  Харин хууль хяналтын байгууллагаас болж Б.Пүрэвдоржийг өөр хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн гэдгийг хэлж байна. “30 хоногийн жуулчны визтэй орж ирсэн ч удаан хугацаагаар манай улсад оршин сууж бизнес эрхэлж байгаа гадаадын иргэдтэй цөөнгүй байгаа нь илэрсэн. Чухам эдгээр иргэдэд ИХШХГ-аас хяналт шалгалт хийж хилээр гаргах ёстой. Гэтэл Б.Пүрэвдорж нь албан тушаалаа урвуулан ашиглаж гадаадын бизнесменүүдийг эх орондоо орогнуулсан байж болзошгүй” гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Мөн өчигдөр/06.10/ ИХШХГ-т хийсэн нэгжлэгээр манай улсад удаан хугацаагаар амьдарч бизнес эрхлэж байгаа гадаад иргэдийн бичиг баримтыг АТГ-ын мөрдөн байцаагчид хураан авсан гэнэ.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж буй гадаадын иргэдэд Монгол Улсын иргэний үнэмлэх олгосон гэх асуудлыг АТГ-ынхан эрс няцааж байна. Учир нь иргэний үнэмлэхтэй холбоотой асуудалд ИХШХГ-ын дарга ямар ч холбоогүй, түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэгт энэ тухай баримт байхгүй гэдгийг ч онцоллоо.

АТГ-ынханд “хорих хэрэггүй” гэж дээрээс даалгасан гэнэ

ИХШХГ-т нэгжлэг хийхээр очихдоо АТГ-ын мөрдөн байцаагчид Б.Пүрэвдоржийг саатуулан Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих зөвшөөрөлтэй байжээ. Нэгжлэг хийж улмаар Б.Пүрэвдоржийг хэлтсийн гурван даргын хамтаар машиндаа суулган авч явсан ч гэнэт “Цагдан хорьж хэрэггүй” гэх даалгавар дээрээс ирж улмаар АТГ тэднийг сулласан байна. Ингэж суллагдмагцаа Б.Пүрэвдорж нь “Намайг баривчлаагүй байгаа биз дээ. Би удахгүй үнэнийг хэлнэ” гэж жиргэсэн байна.

АТГ-ын овоо хараанд орсон өөр нэг Пүрэвдорж нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажилладаг. Түүнийг мөн л АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. Мөн л нэрээ нууцлахыг хүссэн АТГ-ын мөрдөн байцаагчийн хэлснээр  “Мөрдөн байцаалтын явцад шалгаж байгаа компанийн улсын бүртгэлийн эх хувийг устгасан, хуурамчаар сольсон, мөн бусдын овог, нэр, насыг өөрчилсөн байж болзошгүй сэжүүр илэрсэн. Энэ хэрэгт УБЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж сэжигтнээр татсан” гэх албан ёсны хариултыг өглөө.

Ц.Пүрэвдоржийг АТГ шалгаж эхлэв

Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэгт холбоотой гэж  хэвлэлүүд бичих болсон.  Харин албаны эх сурвалж үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд түүний суудлыг сонирхогчдын зүгээс захиалсан захилгат үйлдэл гэж буруутгах хүмүүс ч байгаа аж.

Ямартай ч ийнхүү хоёр Пүрэвдорж АТГ-ын хараанд орлоо.

Цаашид хичнээн хүн АТГ-ын хавханд орохыг хэлж мэдэхгүй юм.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж